ОТТАВА. /TASS/. Канад болон Япон улсын худалдаа, цэрэг болон шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг тус хоёр орны Засгийн газар бэхжүүлэхээр тохиролцсон байна. Энэ тухай Канадын Засгийн газрын хэвлэлийн алба Оттава хотод болсон хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтын дараа мэдэгджээ.

“Канад болон Япон улсын хооронд илүү нягт харилцаа тогтоох суурийг тавих зорилгоор Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзлаа. Канад, Японы Засгийн газрын тэргүүн нар хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх хэвээр гэдгээ нотолсон” гэж мэдэгдэлд дурдсан байна.


Трюдо, Абэ нар Номхон далай дамнасан түншлэлийн тухай гэрээг хэлэлцжээ. Хоёр улс өмнө нь соёрхон баталсан "уг гэрээний ачаар нийгмийн дунд давхаргынхны дунд ажлын байр шинээр бий болж, бизнес эрхлэх шинэ боломжууд бүрдэж буйг онцлон тэмдэглэсэн байна”. Тухайлбал, Японд нийлүүлж буй Канадын үхрийн махны экспортын хэмжээ нэмэгдсэнийг Трюдо дурджээ. Хоёр улсын Ерөнхий сайд нар мөн хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах санамж бичиг, робот техник, холбоо харилцаа зэрэг шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай протоколд гарын үсэг зурсан байна.


Үүнээс гадна, Трюдо, Абэ нар Солонгосын хойгийн байдлыг хэлэлцжээ. Солонгосын хойгийн бүсэд БНАСАУ-ын далбаан дор явж буй худалдааны хөлөг онгоцуудыг ажиглах олон улсын ажиллагаанд Канад улс ирэх хоёр жил оролцоно гэдгийг тус улсын Ерөнхий сайд мэдэгдсэн байна. Уг ажиллагаа нь нефтийн бүтээгдэхүүн зэрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнд заасан зүйлсийг БНАСАУ-д нийлүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Үүнээс гадна, “цөмийн зэвсгээсээ ангижрах Умард Солонгосын үйл ажиллагааг шалгах бэлэн байдлыг  нь дээшлүүлэхийн тулд” Цөмийн эрчим хүчний агентлагт /МАГАТЭ/ 2 сая доллар гаргахаар болсныг Трюдо мэдэгджээ.


Хоёр улсын Ерөнхий сайд нар мөн Японы Осака хотод зохион байгуулах “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцсэн байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 27-28-нд Канад улсад албан ёсоор айлчилжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг