НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Үндэсний цаг уурын алба тус улсын Калифорни муж улсын зүүн өмнөд нутагт гал түймрийн аюулын хамгийн дээд буюу улаан түвшний түгшүүрийг зарласан байна. Цаг агаарын байдлын улмаас байгалийн түймэр түргэн зуурт өргөн цар хүрээг хамарч байсан тохиолдол “орчин үеийн түүхэнд ажиглагдаж байгаагүй” гэж тус албаны цахим хуудсанд нийтэлсэн анхааруулгад дурджээ.

Лхагва гарагт хүчтэй салхитай, агаарын чийгшил харьцангуй бага байх төлөвтэй байгаа бөгөөд салхины хурд секундэд дунджаар 31.1 метрт хүрэх бол зарим газарт секундэд 35.7 метрт хүрч ширүүснэ гэж цаг уурчид мэдээлсэн байна.  

Түүнчлэн Невада муж улсын өмнөд нутагт болон Аризона муж улсын баруун өмнөд нутагт хүчтэй салхитай байх төлөвтэй байгаа аж. Анхааруулга АНУ-ын Баруун эргийн цагаар 17 цаг хүртэл хүчинтэй байх юм байна.

Калифорни муж улсын хойд болон өмнөд нутагт 10 том түймэр асаж байгаа бөгөөд муж улсын бүх нутаг дэвсгэрт онцгой байдал зарлажээ. Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом мягмар гарагт тус муж улсын зүүн өмнөд нутгийн 202.34 гаруй га талбайг хамарсан түймрийн бүсэд очсон байна.  Энэ бүс нутгийн нүүлгэн шилжүүлэх бүсэд 10 мянга гаруй орон сууц, арилжааны үйлдвэрүүд байдаг аж.

Калифорни муж улсын хойд хэсэгт оршдог Сан-Франциско хотод мөн хүчтэй түймэр асаж байна. Муж улсын гал түймэртэй тэмцэх газраас мэдээлснээр, нийтдээ 30.519 мянган га талбай түймэрт автаж, 57 орон сууцыг оруулаад 124 байшин шатжээ. Түймрийн аюулд өртөж болзошгүй газруудаас 156 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Одоогийн байдлаар гал сөнөөгчид түймэрт автсан талбайн 15 хувьд галыг унтрааж чаджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг