Эгч, дүү Кардашиануудын хамгийн залуу нь болох 21 настай Кайли Женнер өнгөрсөн долоо хоногт нилээд сайшаагдсан билээ. Учир нь Форбес сэтгүүл 2018 оны 8 дугаар сарын дугаартаа түүнийг түүхэнд хамгийн залуу “өөрөө бүтээсэн тэрбумтан” болох төлөвтэй нэгэн гэж тодотгосон юм. 

Форбес сэтгүүл түүний талаар "Кайли Женнер нь 900 сая ам.долларын хөрөнгөтэй бөгөөд энэ нь эгч Кимээс даруй гурав дахин их хөрөнгө юм. Тэрээр өөрийн косметикийн компаниа гурван жилийн өмнөөс эхлүүлсэн, Инстаграмдаа 111 сая дагагчтай Кайли Женнер нь Марк Зүкербергээс богино хугацаанд тэрбумтан болно" хэмээн нийтлэжээ.

Харин  зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  "Кайли Женнер энэхүү хөрөнгөө "өөрөө бүтээсэн” гэдэгтэй санал нэгдэхгүй байна.  Баян гэр бүлээс гаралтай, олонд танигдсан хүнийг байрны подвол эсвэл гарашаас юу ч үгүй эхэлсэн хүмүүстэй адилтгах нь зүйд нийцэхгүй" гэж үзэж буйгаа зарлаад буй юм. 

"Форбес"-ийн твиттер хуудсаар #selfmadewoman тодотголтой уг нийтлэлийг цацсан даруй мэдээллийн хэрэгсэлүүд уг мэдээг өлгөн авч,  маш түргэн хугацаанд дэлхий даяар шуурхай тараасан юм. Твиттерийн хэрэглэгчид Женнерийн гэр бүл, тэдний эрх ямба түүнийг тэрбумтан болоход нөлөөлсөн, саятаны гэр бүлээс гаралтай учраас тэрбумтан болоход илүү дөхөм. Өөрөө бүтээсэн буюу self-made гэсэн үгийн утгыг харвал энэ нь “бусдын тусламжгүйгээр амжилтанд хүрсэн” гэсэн утгатай хэмээн жиргэжээ.