Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийж оргилд дээр дөнгөж сая буюу 2018 оны 7 дугаар сарын 21-ний 11:00 цагт гарлаа.

Б.Гангаамаа нь К2 уулын оргилоос Олон Улсын Уулчдын Холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансарын утсаар шууд холбогдож хэлэхнээ: ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өглөөний 11:00 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын оргил дээрээс сансрын утсаар ярьж байна. Энд маш хүчтэй салх шуурч байна. Удаан байж болохгуй учраас одоо яаралтай буух гэж байна. Надтай хамт Нургу Шерпа оргилд хамт гарсан” гэв. Энэ үеэр Нургу Шерпа утсаар хэлэхнээ: ”Монголын уулчин Гангаамаа К2 уулын оргилд дөнгөж сая амжилттай гарлаа. Та бүхэнд баяр хүргэе. Одоо Гангаамаа бид хоёр К2 оргил дээр зогсож байна” гэв.

К2 оргилд амжилттай гарсан Гангаамаад О.Батсайхан нь нийт Монголын уулчид, дэмжигчдийн өмнөөс халуун баяр хүргэж, болгоомжтой буулт хийж, удахгуй учран золгохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлэв. Тэрээр мөн Б.Гангаамаад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж буй Нургу Шерпад гүн талархал илэрхийлэв.

Ийнхүү Б.Гангаамаа нь дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гуравдахь оролдлого ийнхүү амжилттай болж түүхэн амжилт бүтээлээ. Юутай бахархалтай. Бид дэлгэрэнгүй мэдээлэлийг Та бүхэнд цаг тухай бүр хүргэхийг зорино.

Б.Гангаамаадаа халуун баярын мэнд дэвшүүлье. Зөөлөн буулт хийж эсэн мэнд эргэн золгохын ерөөлийг дэвшүүлье.


Мэдээг: А.Батсүх О.Батсайхан