Урлагаар амьдралаар замнахыг хүссэн Бразил бүсгүйчүүдийг К-поп од болгоно хэмээн залилж, улмаар хүний наймааны золиос болгосон хэрэг гарчээ. 

Солонгосын К-поп од эсвэл загвар өмсөгч болгоно гэсэн зарын дагуу 20-30 насны 7 эмэгтэй нийгмийн сүлжээгээр нэгэн эртэй танилцсан ч тэрээр эмэгтэйчүүдийг БНСУ-д аваачиж хүчээр биеийг нь үнэлүүлэн, эмсийн хүрээлэнд ажиллуулсан байна.

Өмнөд Солонгосын цагдаагийн газрын мэдээлж буйгаар, бүсгүйчүүдийн бичиг баримтыг барьцаалан, Илсан болон Пажу гэсэн хотуудад тус тусад нь байшинд хорьсон байна. Дараа нь хүн тус бүрийг массажны газарт 2 сая воноор заржээ.

Тэдний нэг нь Өмнөд Солонгос дахь элчин сайдын яам руу залгаж, тусламж хүссэнээр ийнхүү бүсгүйчүүд аврагдсан аж.

Цагдаагийн албан хаагчид эхлээд Илсан дахь массажны газарт нэгжлэг хийснээр Бразилийн гурван бүсгүйг аварсан байна. Хэд хоногийн дараа Пажугийн байрнаас дөрвөн бүсгүйг суллажээ.

Аврагдсан бүсгүйчүүдийн зарим нь бэртэл авч, болсон явдлаас үүдэн сэтгэл санааны гүн цочиролд орсон тул тэднийг аюулгүй газарт шилжүүлсэн байна.

Албаныхан эмэгтэйчүүдийг хил давуулан, хүчээр биеийг нь үнэлүүлсэн хэрэг холбогдуулан сэжигтэй таван этгээдийг баривчилсан талаар “Кореа Таймс” мэдээлжээ. Албаныханы мэдээлж байгаагаар “уг ажиллагаанд олон хүн холбоотой байж магадгүй бөгөөд хэн нэгний зохион байгуулалттай ажиллагаа хэмээн таамаглаж байна” гэжээ.