Хүмүүс мэдээний доор сэтгэгдэл бичихдээ тэдэнд ямар сөрөг нөлөө, хохирол учруулж болох талаар огтхон ч төсөөлдөггүй. Гэвч амьдрал дээр ямар сөрөг үр дагавартайг саяхан нас барсан к-поп од Суллигийн үхэл батлан харуулсан.

К-поп од Суллиг нас барсны дараа тус улс энэ төрлийн халдлагад анхаарлаа хандуулах болсон бөгөөд саяхан онлайн халдлагатай тэмцэх хуулийн төсөл боловсруулан өргөн барьжээ.

Нийгмийн бухимдлаас үүдэн “Суллигийн хууль”-ийг 12 дугаар сарын эхэнд Өмнөд Солонгосын Үндэсний Ассемблейд танилцуулах аж. Уг хуулийн төсөл нь тус улсын иргэдэд кибер дайралт, түүний хүмүүст үзүүлж буй хор хөнөөлийг зогсоох өндөр хүлээлтийг төрүүлж байгаа юм. 

Үндэсний ассемблейн төлөөлөгч хэлэхдээ “Суллигийн үхэл бол нийгмийн аллага . Хэвлэл болон портал сайтууд нь залуу хүний амьдралын давуу талыг ашиглан эдгээр халдлагуудыг зогсоох юу ч хийлгүй орхисон. Хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор Суллигийн нэр төрийг гутаан доромжилсон олон тооны халдлага гарсан. Энэ явдлаар Солонгос улс хүмүүнлэг бус эдгээр хүчирхийлэлийг зогсоох цаг нь болсон” гэжээ.