Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд /ЭСЯ/ орогнож буй “WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Америк хоорондын хүний эрхийн комисст хандан хамгаалалтын арга хэмжээ авах хүсэлт тавьсан байна. Энэ тухай Эквадорын Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдээлжээ.

“Жулиан Ассанжид хамгаалалтын арга хэмжээ авах тухай түүний өмгөөлөгчийн тавьсан хүсэлтийг Америк хоорондын хүний эрхийн комисс нэгдүгээр сарын 29-нд Эквадорын эрх баригчдад танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор тус комисс ЭСЯ дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл авах хүсэлтээ илэрхийлсэн” гэж Эквадорын ГХЯ-ны мэдээлэлд дурдсан байна.

“WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж 2012 оноос хойш Лондон хот дахь Эквадорын ЭСЯ-нд орогнож байгаа юм. Тэрбээр “WikiLeaks”-ийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор өөрийг нь Шведийн эрх баригчид АНУ-д шилжүүлэн өгөхөөс болгоомжлон Эквадор улсаас улс төрийн орогнол хүссэн билээ. Хэрэв Ассанжийн эрхийг зөрчихгүй бол тэрбээр Лондон хот дахь ЭСЯ-ыг ямар ч үед орхих боломжтой гэж Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено өмнө нь мэдэгджээ.

Америк хоорондын хүний эрхийн комисс нь Америкийн улсуудын байгууллагын харьяа байгууллага юм. Тус комисс нь Америкийн Хүний эрхийн тухай конвенцыг тус конвенцод нэгдсэн улс орнуудад зөрчсөн талаарх гомдлуудыг хянан хэлэлцдэг бөгөөд гомдлуудыг Америк хоорондын хүний эрхийн шүүхэд шилжүүлэх эрхтэй байна.

“Wikileaks” цахим хуудас нь АНУ-ын Пентагон, Төрийн Департамент болон төрийн бусад байгууллагын хэдэн зуун мянган нууц материалыг олон нийтэд дэлгэсэн юм. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг