"Netflix"-ийн “Always be my maybe” ром-комын Али Вонг, Рандалл Парк зэрэг киноны гол баатруудын эгнээнд Киану Ривз багтсан нь үзэгчдэд жинхэнэ сюрприз авчирчээ. Вонг нь уг киног Парктай хамтран бичсэнээс гадна цугтаа продюсероор ажиллажээ. Ром комд Даниел Дэ Ким, Киану Ривз нартай үнсэлцэхийн тулд уг зохиолыг бичсэн хэмээн тэрээр хошигножээ. 

Уг кинонд Ривз зэрэг одын дүрийг бичихэд жүжигчин, инээдмийн зохиолчийн хувьд төвөгтэй биш байсан ч кино одыг зураг авалтад оролцуулах нь жинхэнэ түвэгтэй асуудал байсан гэнэ. Учир нь Киану Ривз нь “Жонн Вик” кино франчайзын хамгийн сүүлийн үеийн цуврал бүтээл дээр ид ажиллаж байгаа гэж мэдэгджээ.

Variety сэтгүүлд “Always be my maybe”-ийн найруулагч Наханчка Хан уг кинонд тоглох саналыг Ривз-д явуулахад “хамгийн гайхалтай хариу” хүлээж авсан тухайгаа ярьжээ. Дүрийн талаар санал бодлоо хуваалцан, дүрийн зохиолыг явуулахад жүжигчин “Мэдээж” гэсэн хариу өгсөн хэмээн дурсан ярьжээ. Уг кинонд тэрээр Вонгийн дүр болох Сашагийн амрагуудын нэг буюу өөрийнхөө “бүдүүлэг хувилбар”-т тоглосон байна.