МУСТА, жүжигчин Г.Ундармаа өөрийн санаачлагаараа "Итгэлийн танхим" хэмээх аяныг өрнүүлж эхэлсэн билээ. Тэрбээр зургаан жилийн өмнө анх 26 сая төгрөгөөр Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг засаж тохижуулж байсан юм.

Түүнээс хойш Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуун дахь салбар амбулаторийн хүүхдийн эмчийн өрөө, вакцин тарих сувилагчийн өрөө, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн үйлчлүүлэгчийн өрөө, хүүхдийн тоглоомын болон ариун цэврийн өрөө, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварласан билээ.

Ийнхүү сайн үйлсэд үргэлж гар сунгадаг уран бүтээлч маань энэ удаа Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тасгийг засварлан тохижуулах ажилдаа ханцуй шамлан оржээ.

Түүний энэхүү төслийн хөрөнгийг MCS групп 100 хувь гаргаж байгаа бөгөөд "Итгэлийн танхим" ТББ гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа аж. Наадмын өмнө эхэлсэн уг ажил сарын дараа дуусах юм байна.