УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр мэдээлэл хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Шүүхийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ хууль нь шүүхийн зохион байгуулалтыг дэглэсэн хууль юм. Шүүгчийн ажиллах нөхцөл, баталгаа, шүүгч нарт тавих хяналт, хариуцлага нь ямар байх, шүүгч нарыг яаж сонгон шалгаруулах, эрх үүрэг нь ямар байх гэдэг асуудлуулыг тодорхойлсон. Түүнээс биш тодорхой эрүүгийн хэрэг, зөрчил, маргааныг шийддэг хууль биш. 

Шүүх хуралдааны товыг шүүгч өөрийн үзэмжээр өөрчилсөн байвал, мөн хуулийг илт санаатай зөрчсөн байвал сахилгын шийтгэл хүлээлгэхээр журамласан. Шүүгч хэргийн оролцогчтой дотны харилцаатай байж болохгүй гэдгийг заасан.

Мөн шүүгчийн сахилга тооцох хөөн хэлэлцэх хугацааг тодорхой зааж өгсөн. Өмнө нь шүүгчийн ёсзүйн дүрэм дээр ёсзүйн зөрчлийг илрүүлснээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөхөд хариуцлагаас мултрах явдлууд гарч байсан. Энэ хугацаа хэдхэн сар байсныг 2-5 жил болгож сунгасан. 

Шүүгч нарыг томилох, шилж олохтой холбоотой асуудлыг нарийвчилсан. УИХ-ын мэдэлд шүүгч нарын томилогоог аваачсан гэсэн шүүмжлэл яваад байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүгч нарыг Ерөнхийлөгч томилдог эрх мэдэл хэвээрээ байгаа. Өөрчлөгдсөн зүйл нь шүүгч нарыг шилж олж, сонгон шалгаруулдаг Шүүх эрхийн зөвлөл өмнө нь 3-5 хүнтэй байсан бол одоо 10 гишүүнтэй болж байна. 

Шүүх эрхийн зөвлөлийн гишүүдийг 100 хувь Ерөнхийлөгч томилдог байсны 50 хувийг нь Шүүгч нарын чуулганаар, 50 хувийг нь УИХ томилох юм. Үүний цаана шүүгч нарыг томилох эрх нь Ерөнхийлөгчид хэвээр байгаа. Мөн Ерөнхийлөгчид хууль заасан үндэслэлээр татгалзах эрх нь ч байгаа. Шүүгчийн томилгоо, сонгон шалгаруулалтын тогтолцоонд улс төрийн албан тушаалтан нэг хүний нөлөө байсныг хязгаарласан" хэмээлээ.