“Миний өдөр бүр хийдэг ажил энэ” хэмээн Ц.Оюунгэрэл том хувин шиг  харагдах бордоошуулагч саван дахь ногооны  хаягдлаа айраг бүлж байгаа юм шиг л хутгав. Тэдний байшингийн өмнөх хашаа нь туршилтын талбар болон хувирчээ. Мөнөөх хар саванд байгаа “түүхий эд”-ээ ажилдаа явахаасаа өмнө хутгана. Орой ирээд, хамгийн түрүүнд тагийг нь онгойлгож  “бүлнэ”. Бордоошуулагчийн доод хэсэг дэх тагийг нээж, шороо маягийн зүйл хутгаж үзүүлэв. Энэхүү бордоогоороо хашаан дахь хөрсөө сайжруулжээ. “Манай хашаанд муу хөрстэй газар байхгүй болсон. Өмнө нь улаан халцгай газар байлаа. Одоо өвс сагсайтлаа ургачихсан” гэж эзэгтэй бахархлаа. 

Хог хаягдлаа байгальд ээлтэйгээр шийдэх түүний ажил үүгээр зогсохгүй. Байшиндаа орж, цонхны тавцан дээр нар дагуулж тавьсан хоёр жижиг хувин саваа танилцуулав. Бяцхан зээ охин нь эднийг “Эмээгийн бокаши” гээд андахгүй. Сүүлийн үед Ц.Оюунгэрэлийн “хайр зарлаад” буй эд. Энэ гэр бүлийн ногоо жимсний хаягдал энд л цуглана. Ногооны хальснуудаа жижиглэж хийвэл түргэн ялзардаг юм билээ. Эхэндээ тэр “хумсаа харалтал ногооны хальс хэрчдэг байсан” гэнэ. “Бүтэн цаг  хэрчээд суудаг байсан. Сүүлдээ хэрчигч бутлагч сав авч өгч, хөдөлмөрийг нь хөнгөвчилсөн юм. Ээж бокашидаа үнэнч” хэмээн охин нь ярьсан.Мөнөөх хэрчигчдээ жижиглэж буталсанаа бокашидаа хийж,  дээр нь “Тамир” био үртэс цацаад, таглав. Бокашины цоргыг нээхэд гарсан шингэн бордоог усаар аривжуулан мод, зүлэг усладаг ажээ. Ц.Оюунгэрэлийг ийнхүү “органик хаягдлын менежмэнт”-ээ танилцуулж байх зуур зээ охин нь гүйж орж ирээд англиар шулганаж байна. “Тэргэлжин, Жеффтэй англиар ярина, надтай монголоор ярина. Youtube үзээд бүх хэлээр ярьчих гээд байх  юм, одооны хүүхдүүд” гэж эмээ нь тайлбарлана лээ. 

Гал тогооны өрөөнд аяга таваг угаагч харагдана. Гэрийн ажилд цаг гаргаж амждаггүй ээждээ хүү нь “Ус бага хэрэглэдэг” хэмээн ятгаж байж аяга таваг угаагч авахыг зөвшөөрүүлжээ. Ус бага хэрэглэх нь Ц.Оюунгэрэлийн хувьд чухал үзүүлэлт. “Яг түүн шиг” хэмнэж байж нийслэлчүүд маань уух устай явах цаг айсуй.  

Амралтын өдөр “Ирж яваа монгол“ нэвтрүүлгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “2030 оноос хойш ундны усны хомсдолд орж болзошгүй” гэж хэлсэнийг улаанбаатарчууд анзаарсан болов уу. Иймдээ тулсан учраас л АНУ-ын Мянганы Сорилтын Корпорациас Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулахад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон биз ээ. Уух усны нөөц хомсдож байж жорлондоо цэвэр ус татна гэдэг нь хүлцэх аргагүй тансаглал. Ц.Оюунгэрэлийн тэргүүлдэг “Жорлонгоо өөрчилье” багийнхны санал болгодог Финляндын Биолан симплетт ус хэрэглэдэггүй, хуурай жорлон гэдгээрээ онцлог. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейп Таун хотын дарга 90 хоногийн дараа усны нөөцгүй болох гэж буйгаа 2018 оны нэгдүгээр сард зарлаж, иргэдийнхээ усны хэрэглээг хязгаарласан жишээ бий. Кейп Таун шиг усны гачаалд орохгүйн тулд монголчууд бид ч амьдралын хэв маягаа өөрчлөх цаг иржээ. Америкчуудын тусламжтайгаар хотын усан хангамжийг сайжруулсан ч усаа гамнах сэтгэлгээ хүмүүст нь төлөвшихгүй бол дахиад л гачаал нүүрлэх нь тодорхой.

Ингэхэд хуурай жорлонг сонгосон иргэд хэр сэтгэл хангалуун үлдсэн бол?

Био жорлонгийн эхний хэрэглэгчдийн нэг, дөрвөн хүүхдийн ээж Р.Отгончимэгтэй уулзлаа. Энэхүү био жорлонгийн ид шид нь хүний ялгадсыг бордоо, хар шороо болгон хувиргах боломж олгодогт бий. Эднийх Дарь-Эхэд 2005 онд хашаа, байшин авчээ. “Хашаанд байсан модон жорлонгоо хэрэглэж байсан. Удсан, аймшгийн жорлон байв. Манайх үүднийхээ хэсэгт хаалт хийгээд, био жорлонгоо гэртээ байрлуулсан юм. Агааржуулалтын хоолойтой учраас үнэр танаргүй.  Өтгөнийх нь сав сард нэг удаа л дүүрдэг. Эхэндээ жорлонгийн өтгөн ялгадсаа бордоо хийдэг үйлдвэрт өгч байсан. Одоо хашаандаа мод тариад, хөрсөндөө бордоо болгож хэрэглэж байгаа. Хүндээр бие зассаныхаа дараа үртэс хийдэг учраас жорлонгоо онгойлгож харахад үртэс л харагдана. Шээсний сав 5-7 хоногтоо дүүрдэг. Дөрвөн хүүхэдтэй. Урьд нь хүүхдүүд бие засъя гэхэд өвлийн хүйтэнд дагуулж гардаг байсан. Одоо бол өөрсдөө гүйж очоод жорлондоо суучихдаг. Биолан авахдаа өтгөний саванд хэрэглэх байгальд шингэдэг уут авдаг. Өтгөн ялгадас дээрээ “Тамир”  бодис хийдэг. Энэ нь био масс болох үйл явцыг түргэтгэж өгдөг гэсэн. Нөхрийн найз нь манай жорлонг ирж үзээд, яг адилхан жорлонтой болсон хэмээн Р.Отгончимэг хуучлав. Ийнхүү гэр хорооллын иргэд ч байгальд ээлтэй хэрэглээтэй болж эхэлжээ. 

Харин жорлонгийн хувьсгалчид гэр хорооллын оршин суугчдад хуурай жорлонтой ажлын байрны схем санал болгож байна.Гэр хорооллын ирээдүйн талаар Ц.Оюунгэрэлд мөрөөдөл бий. 

-Гэр хорооллыг би алга болно гэж боддоггүй. Харин ч улам томорно гэж боддог. Энэ том ертөнц хаус хороолол болоход иргэд төвлөрсөн дэд бүтэцгүйгээр бүх асуудлаа шийдэж чаддаг, хараат бус амьдралтай XXI зууны хөгжил бий болгоно гэж төсөөлдөг гэлээ.Бид жорлон, хагас пассив орон сууцнаас гадна дэд бүтцэд холбогдоогүй  ажлын байрыг зохион бүтээж  байгаа.  Тэр нь найман нэрийн дэлгүүр, дугуй засварын газар, кофе шоп ч байж магадгүй. Гэхдээ бүгд хажуудаа нийтийн хуурай жорлонтой байх юм. Нийтийн хуурай жорлонтой  ажлын байрны загвараа айлын газар дээр барьж туршина. Пассив хаус, хуурай жорлон, эрчим хүчинд хэмнэлттэй дулаалга, агааржуулагч, зуух гээд дэд бүтцэд холбогдох шаардлагагүй сайн шийдлүүдийг нийлүүлээд, гэр хороололд хямд өртгөөр тохитой тухтай ажлын байр бий болгохыг зорьж байна л даа. Гэр хороололд ариун цэвэр сайтай ажлын байрнууд хямд өртгөөр босч эхэлбэл жорлон зөвхөн зарлага гаргах бус орлого олох юм.   Энэ төсөлд бизнесийнхэн ямар хэмжээнд оролцож, хэр ашиг хүртэхийг илүү тодорхой харъя гэвэл арваннэгдүгээр сарын 29-нд “Дэлхийн жорлонгийн өдөр” бизнесийнхэнд зориулсан арга хэмжээгээ танилцуулна гэж нэмж хэллээ.

“Жорлонгоо өөрчилье” багийн Ц.Оюундарь “Ногоон бизнес гэдэг огт өөр юм билээ. Энэ салбарт яагаад бизнесийнхэн орж ирэхгүй байна гэхээр ашиггүй, зорилтот зах зээл нь сонирхолтой биш юм байна. Бага орлоготой иргэдэд зориулсан огт өөр бодлого явуулах ёстой нь ойлгогдсон. Тэр бодлого нь Монголд байхгүй учраас компаниуд жорлонгийн бизнест ордоггүй, банкууд сонирхохгүй, ЖДҮ бойждоггүй. Тийм учраас эдийн засаг, бизнесийн огт өөр загвар гаргах хэрэгтэй нь тодорхой болсон” гэж онцлов. Фэйсбүүкийн найзууд нь тэднийг  “Манай хоёр ОО” гээд андахгүй. Оюунлаг эмэгтэйчүүдийн нэрийн эхний үсгүүд нийлэхээрээ жорлонгийн 00 гэсэн тоог давхар илтгэнэ. 

Жорлон ярьж эхэлсэн ч өдгөө шинэ бизнесийн загвар бий болгох ажил руу халтирсан Ц.Оюунгэрэл “Жорлон өөрчлөх ажлыг цэвэр зах зээлд нь хаячихаар хийгдэхгүй. Улсаас төлөвлөөд хийнэ гэхээр төр иргэдээ сонсохгүй бол зөв төлөвлөж чадахгүй. Иргэд оролцож өөрчлөлт хийнэ. Дээрнь зах зээлийн механизм ажиллана. Энэ ажлыг орчин үеийн эдийн засгийн ухаанд ухамсар өөрчлөгдөж байж өөрчлөгддөг эдийн засаг гэж томьёолоод байгаа юм. Ухамсарын эдийн засгийн суурийг тавьж байж жорлонгоо өөрчлөх болоод байна” гэв.

Ц.Оюундарь “Анх хэдүүлээ нэг сайхан жорлонгийн хувьсгал хийчихье гэж ярьж суугаагүй.  Хувьсгалын төлөвлөгөө боловсруулж байгаагүй. “Хог хаягдлын тухай хуулийг” гаргах гэж 2012-2013 оны үед судалгаа хийж яваад л хог хаягдлын асар том хэсэг нь жорлон, угаадас юм байна. Энийг яаж шийдэх вэ, яаж байгальд ээлтэй хаягдал болгох юм. Өөр орнуудын ямар туршлага байна гэж судалж, Билл Гейтс гэж хүн энэ салбарыг сонирхоод, технологид хөрөнгө оруулж, туршилт хийж  байна. Хятад, Энэтхэгт жорлонгөө өөрчилж  эхэлсэн. Үүнийгээ жорлонгийн хувьсгал гэж нэрлэжээ.Бид энэ хувьсгалыг Монголд хийж байгаа юм байна шүү дээ гэдгээ сүүлд нь олж мэдсэн” хэмээн ярилаа. 

Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчилье” ном бичиж, сургалт хийхээр хүмүүс ойлгоод, жорлонгийн хувьсгалыг өөрсдөө  хийчихнэ гэсэн төсөөлөлтэйгээр ажлаа эхэлсэн юм. Нэгээс хоёр жил соён гэгээрүүлэх төсөл хэрэгжүүлж байтал хүмүүс хуйгаараа өөрчлөгдчих байх гэж гэнэнээр бодсон.  Гэтэл хүмүүс бэлэн болсон бүтээгдэхүүнийг л авдаг юм байна. Хүмүүсийн төлбөрийн чадварт нийцсэн, ахуйд нь таарсан жорлонг хашаанд нь авчраад борлуулахгүй л бол хүн жорлонгоо өөрчилдөггүй юм байна. Энэ ажил огт хийгдээгүй байсан учраас тэр бүх шатны ажлыг хийж эхэлсэн. Нэг талдаа соён гэгээрлийн, нөгөө талдаа нийгмийн энтрепрёнер төсөл болчихоод байгаа юм. Нийгмийн сайн сайхны төлөө бизнес загвараар  ажиллах гэсэн үг” гэж ярив.

     Монголчуудын жорлонг өөрчлөхөөр зүтгэж буй багийнхнаа манлайлагч нь ийнхүү тодорхойлсон. “Анхны жил зөвхөн жорлон гэдэг үгийг хэлж сургах ажлыг 50-иад хүний хүчээр хийсэн юм. 50 хүний өмнө Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь гээд хоёр 00 харагдсан байхгүй юу. Дараа нь 2019 оны турш цоо шинээр дахиад 100-гаад хүний хүчээр энэ жорлонг нутагшуулсан шүү дээ. Мэдээллийн технологийн баг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хүмүүс, бэлтгэн нийлүүлэгчид, сайн дурынхан, маркетингийнхан, борлуулагч, цэвэрлэгээний ажил хийсэн оюутнуудаа оролцуулаад100-гаад хүний хүчээр хөдөлсөн. Энэ жил бид нутагшсан жорлонг зах зээлийн тэлэлтэд бэлтгэж хөгжүүлж байгаа юм. Тэлэлтэд бэлтгэх ажилд дахиад 50-иад хүн орж ирсэн. Сүүлдээ байшин барьдаг багтай болж байна. Иргэний барилгын инженерүүд, зураг төсөл, чанарын хяналтын баг бүрдэж байна. 

Өнгөрсөн гурван жилд нийтдээ 200-гаад хүний хүчээр, 2 тэрбум орчим төгрөгийн зардлаар жорлон өөрчлөгдөх суурийг тавьсан. 

Тэрбумыг нь буюу ашгийн бус хэсгийг нь Ц.Оюунгэрэл гэдэг хүн босгосон. Гадаад дотоодгүй төсөл бичиж хөөцөлдсөн. Дараагийн тэрбумыг бонд, зээл, хандив тусламжаар босгосон. Зээл, бонд босгох, бэлтгэн нийлүүлэгчидтэй ярьж тохирох ажлуудыг “Жорлонгоо өөрчилье” багийн “Мини шийдэл” xоршооны аxлагч Б.Дашням, Улаанбаатар ассет менежмент компанийн заxирал Н.Монсор нар хийдэг. Харин гүйцэтгэл дээр нь бүгд чаддаг чаддагаараа дэмжиж ажилладаг” гэлээ.

“Энэ ажилд алсын хараатай, бага ашигтай, заримдаа ашиггүй байсан ч тууштай хийе гэсэн хүмүүс л тунаж үлддэг юм билээ. Гэхдээ бид аль болох багт орж ирж байгаа гишүүн болгонд ашигтай байгаасай, нийгмийн үнэ цэн, нэр төр, туршлага суух боломжтой, мөнгөн орлого олоосой гэж бодож, хүнээ хөгжүүлэх, бизнесийг нь хөгжүүлэх жижиг жижиг төсөл бичээд хэрэгжүүлж яваа” гэсэн юм.

Саяхан Ц.Оюунгэрэлийн тэргүүлдэг “Нутгийн шийдэл” ТББ-аас “Мини шийдэл” хоршооны жорлонгийн борлуулалт, бизнес эрхлэгчид, хэрэглэгчийг холбох ажлыг хийдэг хуульч, менежер мэдээллийн технологийн инженер залуу манлайлагч эмэгтэйчүүдээ нийгмийн энтрепрёнер бэлтгэх сургалтад хамруулж, Конрад Аденауэр сан санхүүжүүлсэн. Хоёр ОО-г залгамжлах, жорлонгийн хувьсгалын манлайлагч залуу эмэгтэйчүүд ийнхүү бэлтгэгдэж байна лээ. 

Манлайлагч ч бас суралцаж яваа. Бизнесийнхэнтэй ярилцах үеэр Ц.Оюунгэрэл хамтрагчийнхаа зүгээс “номын дуу” сонсч амжжээ. “Мини шийдэл” хоршооны ахлагч Б.Дашням дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй нэгэн. 

-Жорлонгоо өөрчлөх ажилд бизнесийнхэнийг оролцуулах гээд ярилцана. Бизнесийн хүнд ашигтай санал тавьж байж хөдөлдөг. Ц.Оюунгэрэлийн хамгийн том дутагдал нь бизнес мэддэггүй. Бизнесийнхэн дээр очоод, нийтийн эрх ашгийн төлөө, нийгмийн сайн сайхны төлөө үйлчил  гээд шууд тулгадаг. Бид хоёр гарч ирээд “хэрэлддэг” байхгүй юу. Нарийндаа яривал наад хүн чинь “Жорлонгоо өөрчилье” гоё төсөл гээд мэдэж байна. Дэмжмээр байна гэсэн. Бидэнтэй ажиллахад хүрэх  үр дүнг нь эхлээд яриад өгөөч ээ гэхээр “Нээрэн тийм шүү дээ. За, би алдаагаа засъя” гэдэг. Одоо бол дажгүй ээ. “Хэдүүлээ хамтарч ажиллавал та нарт ийм боломж үүсэх юм биш үү” гээд ярьдаг болсон хэмээн тэрбээр хамтрагчаа үнэлэв.

Монголчуудын төлбөрийн чадварт нийцсэн био жорлонг хайж тэд бас багагүй бэдэрсэн.

-Билл Гейтсийн сангийн урилгаар дэлхийн  хуурай жорлонгийн хуралд оролцсон юм.  Яг тэр хурлын үеэр танилцуулсан 50-60 компанийн жорлон бол манай монголчууд дийлэхээргүй өндөр үнэтэй, сүүлийн үеийн загварууд байсан л даа. Монголчуудад тохирсон үнэтэй жорлон олно гэж бүтэхгүй юм байна гээд сэтгэлээр унаж байсан чинь Ц.Оюунгэрэл үг хэлсэн нь их тус болсон. “Би таны илтгэлийг сонслоо” гээд нэг  хятад хүрч ирээд, хуурай жорлон үзүүлсэн. Шведийн компаниас патентийг нь авах гэж байгаа, Хятадад үйлдвэрлэвэл үнэ нь хямдарна гэлээ.  5000 ширхэг үйлдвэрлэвэл сая 500 мянга орчимд зарж болно” гэв. “Жорлонгоо өөрчилье” сургалтын явцад бид оролцогчдоос хэдэн төгрөгийг жорлондоо зарцуулах боломжтойг судалсан л даа. Орчуулагч өвөрмонгол  залуу сайхан сэтгэлтэй хүн байж таарсан. Бид хоёрыг тоо бодоод байхаар өрөвдсөн шиг байна лээ. “Та хоёр ийм юм хайгаад байгаа юм уу” гээд маргааш нь хүрч ирлээ.“Финляндын ийм брэнд байдаг. Монгол мөнгөөр 800 мянган төгрөгний үнэтэй юм байна” гээд Хятадын сайтаас харуулсан юм. Тэгээд бид Биолантай холбогдсон. “Биолан”-ыхан манай багийнхны ажлыг их хүндэлдэг юм билээ. Монголчуудад зориулсан сайжруулсан загвар гаргасан. iPhone6 гэдэг шиг манайхны хүсэлтээр  сайжруулсан загвараа “Биолан симплетт 3S” гээд нэрлэчихсэн байгаа юм хэмээн Б.Дашням сонирхууллаа.

Ц.Оюунгэрэлийг Дэлхийн хуурай жорлонгийн хуралд оролцон, үг хэлж, “Жорлонгийн гүнж” хэмээн магтагдах үеийн гэрч нь ч мань Б.Дашням.  

-2018 оны дэлхийн хуурай жорлонгийн хуралд Дэлхийн банкны ерөнхийлөгч, Билл Гейтс, Ц.Оюунгэрэл гурав л үг хэлсэн юм шүү дээ. Ц.Оюунгэрэл иргэдийн оролцоотой өөрчлөлтийг яаж хийж байгаа талаараа ярьсан. Үг хэлээд буухад нь хүмүүс шавчихсан. Манай улсад яг тан шиг жорлон, эрүүл ахуй ярьж манлайлдаг жорлонгийн гүнж хэрэгтэй байна гэж бүх хүн хэлсэн. Монголд жорлонгийн хувьсгал сайн яваа нь жорлонгийн гүнжээ олсонд байгаа юм байна. Манай улсад жорлонгийн гүнж алга, инженерүүд шийддэггүй юм байна,  Засгийн газар шийдэж чадахгүй юм байна. Хэн нэг нь жорлонгийн гүнж болох хэрэгтэй юм байна. Жорлонгийн гүнж яаж хийдгийг зааж өгөөч гэж асууж байсан хэмээн Б.Дашням дурсав.

Жорлонгийн гүнж болох зам шулуун байсангүй. “Дээс томж найзыгаа аваръя” гэдэг шиг л бүтэлтэй бүтэлгүй оролдлого хийсэн нь олон. Хог хаягдлын тухай шинэ хуулийн төсөл боловсруулах явцдаа Ц.Оюунгэрэл гишүүн 2014 оны намар Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжид очиж, өмхий үнэр нь шингэтэл явж, лагын асуудалтай танилцсан удаатай. МкКэйнзи компанийн судлаачдыг Монголд урьж, мөнөөх өмхий лагийг шийдэх зөвлөгөө хүсэхэд цаадуул нь Германы лаг хатаагч үйлдвэрийг санал болгосон юм билээ. Энэ үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь брикет хэлбэртэй био түлш агаад харин энэ түлшийг авах газар Монголд олдоогүй. Ялгадсаар хийсэн түлшийг эх орныхоо гал голомт руу хийхийг зөвшөөрөх цахилгаан станц ч байсангүй. Бусад оронд хэрэгждэг энэ арга Африк, Монгол хэмээх гал шүтэх соёлтой улсад тохирдоггүй. 

АНУ-ын Сиатлд Ц.Оюунгэрэл дэлхийн хамгийн ногоон барилга хэмээн тооцогддог Буллит төвд ч зочилж амжсан. Хотын төвд мөртлөө дэд бүтцэд холбогдохгүйгээр нарны зайн ялтсан дээврээсээ цахилгаанаа үйлдвэрлэж, дээврийн усаа тосч, зүлгээ усалдаг, шүршүүрт ордог, агааржуулах ажлыг цонх нь зохицуулдаг, жорлонд нь усны оронд хөөс урсдаг уг зургаан давхар барилгын эзэн, зохион бүтээгч Денис Хайес 2015 онд Сиатл хотын хог хаягдалгүй амьдралыг судалж яваа УИХ-ын гишүүнд өөрөө барилгаа танилцуулжээ. Улаанбаатарт нэг удаа бие засахдаа жорлондоо 10 литр цэвэр ус татдагийг сонсоод, “Аймаар юм, XIX зуун биш дээ. Та нар ийм маягаар удаан явбал уух ч усгүй болно шүү. Хөөсөн жорлонд бол нэг удаа бие засахад хоолны халбага ус л шаардагдана” гэж тэр айлдсан гэнэ лээ. Байшингийн доод давхарт хөөсөөр урсч ирсэн ялгадас тусгай саванд цугларч, үртэстэй холилдон ялзмагшиж, ялзагшиж халах явцад гарсан хийг нь гал тогоонд плитка ажиллуулахад ашиглана. Оршин суугчдын ялгадас мөнөөх савнаас бордоо болж гардаг. Хөөсөөр урсгадаг бордоошуулагч жорлонг бүтээхэд компьютерийн инженерүүд хэрэгтэй. 

Гэхдээ энэ бол үнэтэй шийдэл. Ц.Оюунгэрэл энэ мэтээр мэдээлэл цуглуулж, адал явдлаа өгүүлэхэд л "Жорлонгоо өөрчилье" ном болчихсон.

Зургаан давхар байшинг дэд бүтцэд холбохгүйгээр ногоон хэв маягаар амьдарч болж байхад Монголын гэр хороололд хуушуурын бяцхан байшинд гар угаах, бие засах боломжийг төвлөрсөн дэд бүтцэд холбохгүйгээр шийдэж яагаад болохгүй байх билээ.

Ц.Оюунгэрэл НҮБ-д ч, дэлхийд алдартай MIT, Харвард, Стэнфордод  ч уригдаж, жорлонгоо л ярьж яваа.

 Монголчуудын иргэдийн оролцоотой жорлонгийн хувьсгал дэлхийд жишиг болж, жорлон асуудал бус нөөц баялаг “үйлдвэрлэгч” болох ирээдүйг Монголын жорлонгийн хувьсгалчид авчирч байна.