ЛОНДОН. /BBC/. Английн нэрт дуучин Жорж Майклын уран бүтээлүүдээс олон нийтийн хүртээл болоогүй, зургаан минут үргэлжлэх дууг энэ оны сүүлээр нээлтээ хийх “Last Christmas” кинонд оруулахаар болжээ.


Эмилия Кларк, Генри Голдинг, Эмма Томпсон нар гол дүрийг бүтээх “Last Christmas” киноны найруулагч Пол Фейгийн мэдээлснээр, Ж.Майклын нас барахынхаа өмнө гаргахаар төлөвлөж байсан шинэ цомгийн нэгэн дууг киноныхоо дуугаар сонгосон ажээ. 


“Ж.Майклын өөр нэгэн гайхалтай дуу дэлхий дахины хүртээл болох гэж байгаад миний сэтгэл маш их хөдөлж байна” гэж П.Фейг сэтгүүлчдэд ярьсан байна. Дуучин, дуу зохиогч, дуу бичлэгийн продюсер Ж.Майкл 2016 оны Зул сарын баярын өдрөөр Оксфордшир тойрог дахь гэрээсээ нас барсан байдалтай олдсон юм. 


Last Christmas” кинонд гарах хүсэл эрмэлзлэлээр дүүрэн залуу дуучин бүсгүйн дүрийг Э.Кларк бүтээх бөгөөд тэрбээр Ж.Майклын шүтэн биширдэг нэгэн байх ажээ. Ж.Майклын шинэ дуу киноны төгсгөл хэсэгт эгшиглэнэ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг