ЛОНДОН. /TASS/. Их Британи товлосон хугацаандаа Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гарч, либерал үнэт зүйлсийг даган баримтлагч гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд харуулна. Ийм мэдэгдлийг Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалын төлөөх өрсөлдөөнд тэргүүлэгч Борис Жонсон твиттер хуудсандаа хийсэн тухай “The Daily Telegraph” сонин мэдээлжээ.

“Хэрэв бид дахин бүтэлгүйтвэл, ялангуяа биднийг эхний амлалтаа биелүүлэхээс өмнө ЕХ-ны зүгээс шинэ санал асуулга явуулахыг шаардах магадлалыг ихэсгэх юм бол бид ардчиллыг тохуурхсан явдал болно. Хэрэв бид либерал үнэт зүйлсийг хадгалахыг хүсэж байгаа бол 10 дугаар сарын 31 гэхэд Brexit-ийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд бид үүнийг хийнэ” гэж Жонсон “Бид 10 дугаар сарын 31-нд ЕХ-г орхиж, Путин эндүүрч байна гэдгийг нотолно” гэдэг гарчигтай нийтлэлдээ дурдсан байна.

Орчин үеийн либерал үзэл нь үеэ өнгөрөөсөн бөгөөд хүн амын дийлэнхийнх нь ашиг сонирхолтой зөрчилдөж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Их Британийн “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн билээ. В.Путиний энэхүү мэдэгдэл нь Өрнөдийн хэвлэлүүд, улстөрчдийн дунд идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Жонсоны үзэж байгаагаар, либерализм нь зөвхөн амьд төдийгүй Өрнөдийн орнуудад "өмнөх үеийнхний төсөөлж чадаагүй түвшинд хөгжил цэцэглэлтийг авчирчээ". Түүний хэлснээр, либерализм, эрх чөлөө, эрх тэгш байдал, хууль дээдлэх үндэс суурин дээр байгуулсан улс орнууд цэцэглэн хөгждөг, ийм суурь байхгүй бол "эцсийн дүндээ сүйрнэ”.

Чухам ЕХ "либерал ардчиллын үндсэн шинж чанарыг ноцтойгоор сулруулж эхэлсэн учир Их Британичуудын дийлэнх нь тус холбооноос гарахыг дэмжиж сонголтоо хийсэн гэж Жонсон онцолжээ. Түүний хэлснээр, Брюссельд төвлөрсөн эрх мэдэл, ЕХ-ноос шийдвэр гаргахад ил тод байдал дутагдаж байгаа нь Их Британи тэвчихийг хүсээгүй хамаатнаа хамгаалах үзэл болон авлига газар авахад хүргэж байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг