Нью Орлеанс Пэликанс баг хоёр сарын өмнө довтлогч Соломон Хиллийг бэртэл гэмтэлд алдсан билээ. Тэр үед Соломон Хиллийн орон зайг нөхөх зорилгоор чөлөөт агент Жош Смиттэй гэрээ хийхээр сонирхож эхэлсэн.

Улмаар Жош Смит хэд хэдэн удаа Пэликанс багтай хамт бэлтгэл хийжээ. Тэгвэл Жош Смитийн тоглолт Пэликанс багийн удирдлагад таалагдсан бололтой. Учир нь эх сурвалжийн мэдээлснээр Пэликанс баг Жош Смиттэй гэрээ байгуулахаар болсон байна. Гэхдээ түүний гэрээ нь баталгаатай бус гэрээ ажээ. Энэ нь Жош Смит хэзээ ч багаасаа хасагдаж магадгүй гэсэн үг. Пэликанс багийн бүрэлдэхүүнд аль хэдийн 15 тоглогч байгаа ч NBA-ийн дүрэмд урт хугацааны бэртэл авсан тоглогчоо хасалгүй нэмж нэг тоглогчтой гэрээ байгуулах эрх бүх багт байдаг юм.

Жош Смитийн хувьд одоо 31 настай бөгөөд 2015-2016 оны улирлаас хойш NBA-д ганц ч тоглолт хийгээгүй. Түүний хувьд хамгийн сүүлд Израйлийн Макаби Хайфа багт хүчин зүтгэсэн.

Жош Смит Пэликанс багт хэдий хүртэл тоглох, талбай дээр ойролцоогоор хэдэн минут өнгөрүүлэх нь тодорхойгүй байгаа. Гэсэн ч Пэликанс багийн хувьд бага зардлаар ямар ч эрсдэл гаргалгүйгээр ур чадвартай, туршлагатай тоглогчийг эгнээндээ нэгтгэж чадлаа.

Эх сурвалж: SPS