"Яараад яах вэ” аяныг зохион байгуулсан нь үр дүнд хүрч орон нутгийн замд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу  63.9 хувиар буурсан байна.

Энэхүү аяны дараа Цагдаагийн ерөнхий газар, ТЦА, Зам тээврийн хөгжлийн яам, НЗДТГ, "Оюутолгой" ХК хамтран "Дураараа биш дүрмээрээ"  аяныг эхлүүллээ.

Жолооч нар хэдийгээр дүрмээ мэддэг ч гэсэн хайнга ханддаг, явган зорчигч нарт зам тавьж өгдөггүй, зорчигч нартаа хамгаалах бүс зүүлгэдэггүй зэрэг зөрчлийг гаргадаг байна. Иймээс жолоочийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэхээр энэхүү аяныг төв суурин газарт эхлүүлжээ.

ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат:

Нийт хөдөлгөөнд оролцогчдын 80 гаруй хувь нь нэгэндээ хүндэтгэлгүй харилцаж, дүрмээ баримтлаагүйгээс осол хэрэг үүддэг. Жолооч таны гаргасан жижиг үйлдлүүд ослын том шалтгаан болдог. Энэ шалтгаанаар улсад 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Цаана 400-500 хүн зам дээр амь насаа алдсан, 4000 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон гэсэн эмгэнэлтэй тоо баримт гарч ирдэг. Ерөөсөө л дүрмээ биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоогүйн л балаг.  Тийм дур зоргоороо биш дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцохыг иргэдээс хүсэж байна.