ЛОНДОН. /BBC/. Ирэх сард болох Их Британийн “Bafta” кино наадмын шагналуудад нэр дэвшигчдийг мягмар гарагт танилцуулжээ. Америкийн “Warner Bros” компанийн уран бүтээл “Joker” уран сайхны кино уг наадмын хамгийн олон буюу 11 шагналд нэр дэвшсэн байна.

Мөн найруулагч Мартин Скорсезегийн “The Irishman”, Квентин Тарантиногийн “Once Upon A Time... In Hollywood” кино тус тус 10 шагналд нэр дэвшжээ. Ирэх хоёрдугаар сарын 2-нд Лондон хотноо болох “Bafta” наадмын шилдэг дүрүүдийн номинацид дан цагаан арьст хүмүүс нэр дэвшсэн нь олны шүүмжлэлийг дагуулжээ. 

Америкийн жүжигчин Скарлетт Йоханссон, Австралийн жүжигчин Марго Робби нар тус тус хоёр шагналд нэр дэвшсэн бол “Шилдэг найруулагч”-ийн шагналд долоо дахь жилээ дараалан эмэгтэй найруулагч нэр дэвшээгүй байна. 

DC” комикийн дүрүүдээс сэдэвлэн Тодд Филлипс найруулагчийн бүтээсэн “Joker” киноны гол дүр болох жүжигчин Америкийн Хоакин Фениксийг “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг гардаж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байна. Сануулан дурдахад, 11 жилийн өмнө Австралийн жүжигчин Хит Лежер “The Dark Knight” киноны “Joker”-ийн дүрээр “Bafta” хүртсэн билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг