Судалгааны шинэ технологи гаргаж, Германд патент авсан, нийлэг шингэн түлшний гүн боловсруулалтын  судалгааны ажил нь Япон улсын Нефтийн сэтгүүлийн  оны шилдэг эрдэм шинжилгээний өгүүллээр шалгарч байсан доктор Ж.Нарангэрэлтэй ярилцлаа. Нүүрсний арвин нөөцтэй, иргэд нь Таван толгойн нүүрсний ордоосоо  хувь хүртэхээр хүлээдэг манай улсын хувьд нүүрс “моод”-ноос гарах эсэх, нүүрсийг түлэхээс өөрөөр хэрхэн ашиглаж болох зэрэг нь сонирхолтой байх болов уу.  

Ж.Нарангэрэл 1987 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургуулийг химич мэргэжлээр төгссөн. Нүүрсний шингэрүүлэлтийн чиглэлээр 2020 онд  химийн шинжлэх ухааны докторын зэрэг (ScD) хамгаалжээ. ШУА-ийн Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтанаар орж, нүүрсний судалгаа, ялангуяа нүүрсний гүн боловсруулалтын чухал салбар болох нүүрсний шингэрүүлэлтийн чиглэлээр 30 гаруй жил ажиллаж байгаа эрхэм.   2018 оноос тус хүрээлэнд Багажит шинжилгээний лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна. 

-Та Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвд Нүүрсний гүн боловсруулалт хариуцсан мэргэжилтэн байсан юм билээ. Нүүрсийг гүн боловсруулахад ямар бүтээгдэхүүн гардаг вэ?

-Нүүрснээс кокс, нийлэг хий, шингэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологиудыг нийтэд нь гүн боловсруулалт гэж нэрлэдэг юм. 

-Монголчууд нүүрсийг ямар түвшинд боловсруулж байгаа вэ?

-Манайх ерөнхийдөө эхлэлийн шатанд яваа. Цөөн тооны энгийн боловсруулалт хийдэг үйлдвэрүүд байна. Баяжуулах, угаах нь энгийн боловсруулалт юм. Нүүрсийг хийжүүлэх бага хэмжээний төхөөрөмжүүд Эрдэнэт, Дархан хотуудад байна. Коксжуулах үйлдвэр Өмнөговь аймагт ажиллаж байгаад хаагдсан. Хагас коксын хэдэн жижиг үйлдвэр утаагүй түлшний үйлдвэрлэлийн зориулалтаар байгуулагдан ажиллаж байсан боловч зах зээлийн жамаар хаагдахад хүрсэн л дээ. Өртөг ихтэй байсан. 

-Агаарын бохирдол гэснээс сайжруулсан түлшний чанарын талаар эргэлзээ их явсан. Агаарыг бохируулж байгаа хувь хэмжээ нь багассан гэж үздэг үү?

-Би бол багассан гэж үздэг. Сайжруулсан шахмал түлш бол энгийн нүүрс түлсэнээс хамаагүй бага хор ялгаруулна. Би энэ чиглэлийн судлаачидтай хамт ажиллаж судалгаа хийж байсан хүний хувьд тодорхой хэмжээний мэдээлэл бий. Таван толгойн нүүрсчанар сайтай, дэгдэмхий бодисын гарц багатай учраас шахмал түлшнээс ялгарах  утааны хаягдал нь Налайх, Багануурынхаас хамаагүй бага байдаг. Агаарын бохирдлыг бууруулахад дэвшил гарсан.

-Сүүлийн үед  нүүрс нэр хүнд муутай болоод байна. Нүүрсний станцын шинэ төсөлд хөрөнгө оруулалт ч олдохгүй юм шиг байна. Таван толгойн ордоо ашиглаж чадахгүй сууж байтал нүүрс хэрэглээнээс гарчих юм биш байгаа?

-Тийм хурдан гарахгүй л дээ. Ойрын 40-50 жилд дэлхийн хэмжээнд нүүрсийг олон чиглэлээр ашиглаад л явна. Атомын энерги, сэргээгдэх эрчим хүчний олон эх үүсвэртэй зэрэгцээд л явж байна. Шатах ашигт малтмал бол энэ бүх эрчим хүчний эх үүсвэрийн 80 хувийг эзэлдэг. Шатах ашигт малтмалд нүүрс, нефть, байгалийн хий орж байгаа юм. Энэ гурван эх үүсвэрээс эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь ойрын 40-50 жилд буурахгүй гэж хөгжингүй орнуудын судлаачид үзэж байгаа. Яахав, нүүрс нь жаахан буураад, байгалийн хийний хэрэглээ өсч болно л доо. Нүүрсийг яагаад бохирдуулагч гэж үзээд байна гэхээр агаарын бохирдолтой л холбоотой. Гэхдээ орчин үед шинжлэх ухаан технологи сайжирч байна. Маш цэвэр, хаягдалгүйгээр шатаах технологиуд ч бий болж байгаа.  Хамгийн гол нь үнэ өртгийн хувьд бид авч ашиглах боломж муутай. Хориод жилийн өмнө барууны орнууд, яндангаас нь ямар ч утаа гардаггүй станцуудтай болсон. Япон, Австралид  ийм станц үзэж байлаа.  Ер нь энэ их хэмжээний нүүрсийг ашиглахгүй байна гэж үгүй. 

Нүүрс гэхээр хүмүүс голдуу шатаах талаас нь л бодоод байгаа юм. Их үнэтэй химийн түүхий эд  шүү дээ.

-Нүүрсээ шатааж эрчим хүч гаргадаггүй юм аа гэхэд ямар хэлбэрээр ашиглаж, экспортлох боломжтой вэ?

-Коксжих нүүрсийг баяжуулаад Хятад руу экспортлож байна. Энэ үргэлжлээд явах байх. Түүнээс гадна ашиглах боломж муутай, чанар муутай Төвийн, Зүүн бүсийн хүрэн нүүрснүүд байна л даа.  Үүнийг гүн боловсруулах аргаар хий, шингэнд хувиргах учиртай. Хэрэв шингэнд хувиргавал хэрэглээ өргөжих, байгаль орчинд нөлөөлөх хор нөлөө багасна. 

Нүүрсийг гүн боловсруулдаг үйлдвэр гадаадад нэлээд бий. Ялангуяа Хятадад сүүлийн үед энэ талын үйлдвэр түлхүү хөгжиж байна. Тэр дундаа Өвөрмонголд нүүрсийг гүн боловсруулаад шингэн түлш гаргаж авдаг. Бидний хэрэглэдэг полимер материал, гялгар уут зэргийг нүүрс ашиглан үйлдвэрлэж байгаа. Хятад нефтийн нөөц хязгаарлагдмал, харин их хэмжээний нүүрстэй. Хятадын нүүрс гүн боловсруулах технологи нь дэлхийд тэргүүлж эхлээд байгаа. 

-Манай нүүрсний судлаачид ямар шинэ судалгааны ажил хийж байгаа вэ?

-Нүүрсний судалгаа Монголд олон жил хийгдсэн дээ. Бараг 50 жилийн түүхтэй. Харамсалтай нь материаллаг бааз тааруухан учраас гүн боловсруулалтын судалгааг голдуу гадаадад хийдэг хэвээр байна. 

Байгаль орчинд хор хөнөөлгүй шатаалтын технологиуд дээр гадаадын судлаачид их ажиллаж байгаа. Бүр нарийн технологиуд ч байна л даа. Цэвэр хий гаргах,  нүүрсийг  биотехнологийн аргаар боловсруулах гэдэг ч юм уу, эсвэл газрын гүнд нь олборлохгүйгээр боловсруулах технологиуд байна. 

Нефть байгалийн хий, нүүрс гурвыг харьцуулж үзэхэд хамгийн цэвэр нь хий байгаа юм. Хий үндсэндээ метанаас бүрддэг. Шатаахад тоос шороо, азот, хүхэр ялгарахгүй. Хоёр дахь цэвэр түлш нефть. Нүүрс харьцангуй бохир түлшинд тооцогддог. Яагаад гэвэл чийг болон эрдэс чулуулгаас гадна химийн маш олон төрлийн элементүүдийг тодорхой хэмжээгээр агуулж байдаг. 

-Манайд нүүрснээс нефть гаргаж авах боломж хэр байгаа вэ. Нүүрснээс гаргаж авсан нефть энгийн нефтьтэй  үнийн хувьд өрсөлдөх чадваргүй гэж яриад байдаг?

-Манайд 2010 он гараад нэлээд хэдэн томоохон  компани нүүрсийг шингэнд хувиргах үйлдвэр байгуулахыг сонирхсон юм.Нэлээд бэрхшээл тулгарсан. Нэгдүгээрт ийм үйлдвэр томоохон хэмжээнд байж л ашигтай ажилладаг. Хоёрдугаарт эхний хөрөнгө оруулалт өндөр шаарддаг. Гурав дахь асуудал зах зээлд өрсөлдөх чадвар хэр найдвартай байх вэ гэдэг. Хөрөнгө зараад, том үйлдвэр бариад, түлш гаргаад эхэлтэл гэнэт нефтийн үнэ хямдраад эхэлбэл ялагдана шүү дээ. Тэгээд тэдгээр компаниуд энэ ажлаасаа ухарсан л даа. 

Нүүрснээс нефть гаргахын тулд нүүрсээ эхлээд түүхий нефть болгож хувиргах ажил бий. Жирийн нефтьтэй харьцуулахад нэг шат нэмэгдэж байгаа юм. Нүүрснээс гаргасан нефть маш бохир байдаг. Стандартын бензин дизель түлш гаргахын тулд сайн цэвэрлэх шаардлагатай болдог.  

-Нэг хэсэг нүүрсний давхаргын метан хий ашиглах талаар нэлээд яригдаж байгаад намдсан нь юутай холбоотой вэ?

-Нүүрсний давхаргын метан хийг маш цэвэр түлшинд тооцож болно. Энэ түүхий эдийг хэрэглэхийн ач холбогдлыг би 2000 онд “Эрчим хүч инженер” сэтгүүлд бичиж байсан. Нүүрс олборлох явцад гардаг дайвар бүтээгдэхүүн. Манайд энэ асуудал хөгжихгүй байгааг би сайн ойлгохгүй байна. Улсаас сайхан дэмжээд хөгжүүлбэл маш чухал, цэвэр хийн түлш юм шүү дээ.

-Одоо нүүрсээ олборлохгүй дарсан ч яваандаа газрын гүнд нь боловсруулах боломжтой болох юм биш үү?

-Хэтдээ нарийн технологиуд нэвтэрнэ. Нэг нь газрын гүнд нь ашиглах байж болно. Одоогийн гүн боловсруулалтын технологиуд өндөр даралт температур, том аппаратур шаарддаг. Тийм юм шаардахгүйгээр химийн маш энгийн зөөлөн аргаар боловсруулах технологи ч гарч ирэх боломжтой. 

Манай эрдэмтэд Монгол орны нүүрсний шинж чанар, юу юу агуулж байна гэдэг дээр дотооддоо түлхүү ажилласан байдаг. Үүнд үндэслэн нүүрсийг яаж зөв зохистой ашиглах вэ гэдэг анхны дүгнэлтүүд гарч ирдэг юм. Гадаадад хийсэн судалгаанууд харин үйлдвэрийн процесс боловсруулах чиглэлээр байдаг. 

-Таныг Германд ажиллаж байхдаа нүүрсэнд устөрөгч нэгдүүлэх  талаар нээлттэй дүйж очихуйц  ажил хийсэн гэх юм. Энэ ажлынхаа үр дүнгийн тухай ярьж өгөөч?

-Би Германд Макс Планкийн Нүүрсний судалгааны хүрээлэнд нүүрсний гидрогенжүүлэлтийн чиглэлээр дэд докторын судалгааны ажлаа гурван жил хийсэн л дээ. Энэ хүрээлэн нь нүүрсний судалгаагаар 1912 оноос эхлэн ажилласан том хүрээлэн байдаг. Нүүрсний гидрогенжүүлэх (нүүрсэнд устөрөгч нэмэгдүүлэх) судалгаа ямар ач холбогдолтой гэхээр нүүрсэнд устөрөгчийг ихээр нэмэгдүүлж чадвал нүүрснээс маш үнэ цэнтэй бүтээгдэхүүнүүд, ялангуяа шингэн түлш гаргаж авах боломж хялбар болох юм. Нүүрсийг гидрогенжүүлэхэд катализатор гэдэг бодис хэрэглэдэг. Катализатор  нь гурван талын ач холбогдолтой. Тэр урвалыг хурдасгадаг. Хоёрдугаарт процессын нөхцлийг зөөлрүүлдэг. Өндөр температур даралтын оронд нам температур, нам даралт ашиглах боломжтой болгож байгаа юм. Гуравдугаарт катализатор ашигласнаар ямар бүтээгдэхүүн гаргаж авахыгаа сонгох боломжтой юм л даа.  Катализатор химийн үйлдвэрлэлийн маш олон салбарт хэрэглэгддэг бодис. 

Нүүрс өндөр молекулт нэгдэл. Түүнийг харьцангуй зөөлөн нөхцөлд задлан уусдаг хэлбэрт шилжүүлэх боломжтой катализатор илрүүлсэн юм. Нүүрс ердийн нөхцөлд уусах чанар маш муу. Шинэ катализатор ашигласнаар үндсэндээ органик уусгагчид 100 хувь уусах боломжтой болно. 

Нүүрсийг  гидрогенжүүлэх, уусгах чанарыг нь ихэсгэх нь нүүрсний бүтцийг судлахад хялбар болгож байгаа юм. Нүүрсний бүтэц одоо болтол тайлагдаагүй байгалийн түүхий эд. Нүүрсэнд нэлээд их хэмжээгээр устөрөгч нэгдүүлсний дараа шингэрүүлэхэд хялбар болж байгаа юм. Гол үр дүн нь шингэрүүлэх боломжгүй нүүрсийг шингэрүүлэх. Зарим төрлийн нүүрс шингэрдэггүй. Ялангуяа дээд ангиллын чулуун нүүрс шингэрэхдээ маш муу байдаг. Бидний ажлын үр дүнд дээд ангиллын чулуун нүүрсийг шингэрүүлэхэд хялбар болсон.

Мөн гидрогенжүүлэх урвалаар коксждоггүй нүүрсийг коксжих шинж чанартай болгож болно. Нүүрснээс маш цэвэр бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой болсон.  Судалгааны шинэ арга, технологи учраас Германд патент авсан юм. Германд патент авах амар биш. Цоо шинэ ажил гэж үзээд, патент өгсөн. Герман, Англи, Япон, АНУ-д эрдэм шинжилгээний хурлуудад  энэ ажлаар илтгэл тавьсан. Гадаадын судлаачид одоо ч их сонирхож байдаг. Энэ ажил үйлдвэрлэлийн хэмжээнд нэвтрэх хараахан болоогүй бас нэлээд судалгаа шаардлагатай.

-Та энэ сэдвийг яагаад сонгож авах болсон бэ?

-Германы судлаачид нүүрсийг аль болох зөөлөн нөхцөлд задлах судалгаа хийж байсан. Түүнийг нь үргэлжлүүлсэн дээ. Би их сургууль төгсөхдөө мөн нүүрсний гидрогенжүүлэлтийн судалгаа хийж байсан учраас надад ойр судалгаа байсан. 

-Таны судалгааны ажлыг үргэлжлүүлэх, санхүүжүүлэх боломж Монголд хэр олддог вэ?

-Үргэлжлүүлэн гүйцэтгэх боломж бүрдэж байгаа. Өмнө нь манайд туршилтын бааз байхгүй байсан бол одоо туршилтын төхөөрөмжүүд бий болсон. Манай япон багшийн  дэмжлэгээр саяхан байгуулагдсан лабораторид өндөр даралт, температур ашиглан нүүрсийг гидрогенжүүлэх туршилт, судалгаа хийх боломжтой. 

-Та Японд бас судалгаа хийсэн гэсэн үү?

-Би түрүүн нийлэг нефть гээд ярьсан. Нүүрсийг, шингэрүүлэн түүхий нефть гарган авдаг. Гэхдээ энэ нь ердийн нефтьтэй харьцуулахад бохирдуу хүхэр, азот гэх мэт элементүүд харьцангуй ихтэй. Энэ нийлэг нефтийг цэвэр түүхий эд болгох зорилготой судалгаа байсан юм. 

Японд хийсэн ажил бол нүүрснээс гаргаж авсан түүхий нефтийг яаж ердийн нефть шиг болгох вэ гэдэгт чиглэгдсэн. Дээр хэлсэн хүхэр, азот, хүчилтөрөгчийн нэгдлүүдээс азотын нэгдлийг нь салгахад илүү хэцүү байдаг. Миний хийсэн ажил бол нүүрснээс гаргаж авсан түүхий нефтьнээс азот, хүхрийн нэгдлийг нь зайлуулах байсан. Ингэснээр дизель түлшний цэвэр түүхий эд гаргах боломж эрэлхийлсэн судалгаа л даа. Энэ ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Судалгааны ажлаа хэвлүүлсэн. Япон улсын Нефтийн хүрээлэнгийн сэтгүүлийн  оны шилдэг эрдэм шинжилгээний өгүүллээр шалгарсан юм. “Нийлэг түүхий нефтийн  гидро боловсруулалтын өмнө азотын нэгдлүүдийг ялгах” гэсэн нэртэй ажил байсан.

-Монголчуудын хувьд эрдэмтдийнхээ шинэ судалгааг сонирхох, хамтарч ажиллах талаар хэр ханддаг бол?

-Сүүлийн үед манай шинжлэх ухааны салбарын байдал сайжирч байгаа. Энэ сэдвээр судалгаа хиймээр байна гээд сэдэвт ажил дэвшүүлэхэд дэмжигдсэн. Харин энэ жил коронавирустэй холбоотойгоор санхүүжилтгүй болчихоод байгаа.  

Миний гаргасан бас нэг бүтээл бол “Нүүрсний хими, технологийн үндэс” нэртэй ном. 2011 ба 2012 онд хоёр удаа хэвлүүлсэн. Манай нүүрсний оюутан, судлаачдын гарын авлага болсон. Энэ намар дахиад хэвлүүлэх бодолтой байна. Нүүрсний гарал үүсэл, найрлага, шинжилгээ, боловсруулах арга, бүх юм энд байгаа.Япон, Германд ажиллаад ирсний дараа хамт ажиллаж байсан залуучууд байнга юм асуугаад байдаг. Цаг зав багатай байдаг, хүмүүс юм асуугаад байдаг. Тэгээд  хүмүүст хүртээлтэй гэж үзээд  ном бичсэн. Ажлын зав чөлөөгөөр бараг гурван жил зарцуулсан даа. 

-Судалгааны ажлаа амьдралд хэрэгжүүлэх боломж хэр байдаг вэ?

-Миний ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд амаргүй. Нүүрсний технологи, шууд шингэрүүлэх процесс өндөр даралт, температур шаарддаг. Хэтдээ л гэхээс одоогоор суурь судалгаа талдаа ажил. 

-Таны цаашдын судалгаа юунд чиглэгдэж байгаа вэ?

-Нүүрсийг энгийн нөхцөлд химийн аргаар, шингэнд хувиргах төгс арга нээчихвэл нүүрсний хэрэглээг асар их тэлэх юм. Яагаад гэвэл байгаль орчинд хор нөлөө багатай болно.  Нүүрснээс маш үнэ цэнтэй бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх боломж бий. Ер нь нүүрс, нефть хоёрыг харьцуулвал нүүрсэнд давуу тал нилээд бий. Нүүрс ароматик бүтэцтэй. Тэр нь нүүрстөрөгчийн материал гаргаж авах үндсэн түүхий эд гэсэн үг л дээ. Түүнийг нүүрснээс энгийн хялбар аргаар гаргаж авдаг бол цаашид маш үнэ цэнтэй бүтээгдэхүүнүүд болох юм. Одоо бол тийм бүтээгдэхүүнийг коксын давирхайнаас гаргадаг. Кокс үйлдвэрлэхэд давирхай гардаг. Тэр давирхайнаас ароматик нэгдлүүд гаргаж авдаг. Нүүрснээс өөрөөс нь гаргаж авбал сонирхолтой, эдийн засгийн хувьд асар ач холбогдолтой. Өнөөгийн байдлаар нүүрснээс хөдөө аж ахуйн бордоо, хөрс сайжруулагч, ион солилцогч, өрөмдлөгийн шингэн, ангижруулагч, адсорбент, шахмал түлш гаргаж авдаг үйлдвэрүүд дэлхийн олон оронд ажиллаж байна.

-Дэлхийн улсууд цаашдаа ч нүүрсний судалгаанд анхаарал хандуулсан хэвээр байна гэсэн үг үү? 

-Нүүрс нь нефть, байгалийн хийтэй харьцуулахад нөөц маш ихтэй. Энэ их нөөцийг ашиглахгүй орхих сонирхол хаана ч байхгүй л дээ. Ялангуяа өндөр хөгжилтэй орнууд Австрали, Америк, ОХУ асар их нүүрсний нөөцтэй. Энэ нөөцөө зөвхөн шатаана гэж байхгүй. Цаашдаа янз бүрийн нарийн арга хэрэглэж, маш үнэтэй түүхий эд болгох судалгаа хийгдэж л байгаа.  

 1970-аад оны нефтийн хямралын үед нүүрснээс бензин, дизель түлш гаргах судалгааг хөгжингүй орнуудад хийж, их мөнгө зарцуулсан. Одоо энэ төрлийн технологиуд нэлээд өндөр түвшинд хүрсэн гэж үздэг. Харин нефтийн нөөц аажмаар багасч байгаагаас гадна ихэнх нөөц нь Ойрхи Дорнодын орнуудад төвлөрч байдаг. Энд тогтворгүй байдал үүсэхэд нефтийн үнэ огцом өсөөд, улс орнуудын эдийн засаг хямарч эхэлдэг. Нүүрсний нөөц ихтэй АНУ, Австрали зэрэг орнууд импортын нефтийн хараат байдлаасаа ангижрах зорилгоор нүүрснээс нефть гаргах маш их судалгаа хийсэн. 

Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог. Энэ төрлийн судалгаа манайд үргэлжилж байх ёстой. 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нүүрсийг гүнзгий боловсруулах, технологиудыг хөгжүүлнэ, нүүрсийг зүй зохистой ашиглана гэж оруулсан байдаг. 

-Тунхаглалын чанартай л яваад байх шиг ээ?

-Ер нь ийм заалтууд олон жил явж байгаа л даа. Сүүлийн жилүүдэд нефтийн үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа нь сайшаалтай боловч манай нефтийн нөөц хязгаарлагдмал гэдгийг бодолцож үзэх шаардлагатай. Нефтийн үйлдвэр нь эхлээд дотоодын нөөцөө ашиглаад явж болно. Цаашдаа харин яах вэ гэдэг асуудал бий. Ирээдүйд нөөц багасахад яах вэ гэдгээ одооноос л бодож байх учиртай. Хэрэв тэгвэл нүүрсээ боловсруулах асуудал ч яригдаж болох бөгөөд нефтийн үйлдвэрт нүүрсний нийлэг нефтийг боловсруулах боломж байж болно.  

Байгалийн хийн хоолой манай улсаар дайрах нь бас их ашигтай байгаа юм. Байгалийн хийг бид ашиглан агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Байгалийн хийнээс мөн шингэн түлш гаргаж авч болно. Бензин, дизель түлш үйлдвэрлэж болдог. Ийм технологийг нилээд олон улс ашиглаж байна. Гэхдээ л энэ нь мөн гадаадын буюу импортын түүхий эд болох тул бас 100 хувь баталгаатай эх үүсвэр биш юм. Эрчим хүчний олон эх үүсвэрийг тэнцвэртэй ашиглах нь хамгийн найдвартай бөгөөд ашигтай байдаг.