Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зориулж 100 сая төгрөг олгохоор болов. 

Талийгаач 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.