Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-аас “Жишиг гэр бүлийн суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгааны ажлыг эхлүүлж байна 

Залуу судлаачдыг дэмжих сан ТББ нь залуучуудад судалгаа шинжилгээний арга барил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 1992 онд байгуулагдсан юм.  Өнгөрсөн хугацаанд нийгэмд тулгамдаж буй асуудлуудаар судалгаа хийх, сургалт болон эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, олон нийтийн дунд танхимын болон онлайн хэлэлцүүлэг хийх зэрэг тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. 

Даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд аль ч улс орны гэр бүлийн амьдралд өөрчлөлтүүд бий болж байна. Тийм ч учраас дэлхийн ихэнх орны нийгэм судлаачид нийгэмд гарсан сөрөг үзэгдлийн шалтгааныг гэр бүлээс эрж хайх нь ихэслээ. Гэр бүлийн тогтвортой байдлыг хангах нь нэг ёсондоо нийгмийн тогтвортой байдал болон хүний хөгжлийг дэмжиж байгаа хэрэг хэмээн судлаачид онцлох болсон байна. 

Тиймээс “Залуу судлаачдыг дэмжих сан ТББ”-аас “Жишиг гэр бүлийн суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгааны ажлыг эхлүүлж байна.

Уг судалгааны зорилго нь залуу судлаачдыг судалгааны арга зүйд суралцуулах, жишиг гэр бүлийн загвар боловсруулахад оршиж байна.

Судалгааны баг нь 10 өөр төрлийн мэргэжилтэй 9 эмэгтэй, 6 эрэгтэй буюу нийт 15 судлаачдаас бүрдэж байгаа бөгөөд 2 сарын хугацаанд үргэлжлэх юм. 

Гэр бүл нь нийгмийн бүтэц тогтолцооны нэг хэсэг бөгөөд тухайн нийгмийн мөн чанарыг тодорхойлох үндсэн нэгж юм. 

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.1-д заасан “Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэсэн заалт нь хэт явцуу, ойлгомжгүй байгаа бөгөөд гэр бүлийн гишүүд ямар үүрэг хүлээх, үүргээ хэрхэн биелүүлэхээ мэдэхгүй байгаагаас үүдэн нийгэмд гэр бүлийн асуудлууд тулгарч, гажуудал үүсч байна. 

Монгол улсын төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогын баримт бичигт “Бодлогын эрхэм зорилгыг гэр бүлийн амьдралын түвшинг тасралтгүй дээшлүүлж, гэр бүлийн харилцаа, ёс зүйн эрүүл орчин, түүний нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх замаар монгол хүний хөгжлийг дэмжихэд оршино” гэж заасан байдаг.

Учир нь хувь хүний төлөвшил, хүмүүжил, нийгэмшил, соёл, ёс суртахуун, зан ааш, дадал зуршил, үзэл хандлагын 70% нь төрөлх гэр бүлийн орчиндоо бүрэлдэн боловсордог бөгөөд энэ үүднээс хүний хөгжлийн анхдагч хамгийн чухал орчин бол гэр бүл юм.  

Гэр бүлийн гишүүн бүр суурь хэрэгцээгээ хангаж чадаж байвал гэр бүл аз жаргалтай тогтвортой байдаг хэмээн үздэг. Ийм байхын тулд гэр бүлийн гишүүн бүр харилцан уялдаатай үүрэг хүлээх шаардлагатай болж байна. Гэтэл тухайн үүрэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаагаас үүдэн салалт, үл ойлголцол, хүүхдийн хүмүүжил гэх мэт асуудлууд гарч ирж байна. 

Иймд гэр бүлийн асуудлыг судлаж, жишиг гэр бүлийн хэв шинжийг тодорхойлж, системийн загвар бий болгох хэрэгцээ, шаардлага зайлшгүй тулгарч байна.

Уг судалгааны үр дүнд нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг тогтвортой, аз жаргалтай байлгах үндсэн хэв шинжүүд болон гэр бүлийн оролцогч талуудын харилцан уялдаатай үүргүүдийг тодорхойлно. Ингэснээр гэр бүлийн гишүүдийн дундах үл ойлголцол шийдэгдэж, тогтвортой, аз жаргалтай амьдрах жишиг загвар бий болох юм.

Гэр бүлийн жишиг загвар бий болсноор гэр бүлийн гишүүд үүргээ ойлгон ухамсарлаж, гэр бүл бат бөх оршин тогтноход тус болно хэмээн найдаж байна.