Супермодель Жижи Хадид монгол дизайнер Б.Мандхайн ноолууран пальтогоор гангарчээ. Тэрбээр мөн Vogue сэтгүүлд монгол ноолуур өмссөн зураг авалт ч хийлгэсэн байна. Жижи Хадид түүний бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгч нь бөгөөд "Түүний загварууд маш загварлаг, нүдэнд дулаахан биед эвтэйхэн" хэмээн ярьжээ. 

Энэ талаар дизайнер Б.Мандхай "Хүмүүс бодохдоо түүнд төлбөр төлсөн гэж боддог. Гэхдээ бид түүнд зөвхөн PR компаниар дамжуулан цоо шинэ бүтээгдэхүүнээ явуулдаг. Тэр зүгээр л манай хувцас өмсөх дуртай. Миний аав түүнийг хэн гэдгийг ч мэдэхгүй. Гэхдээ түүнийг манай загварыг өмсөх бүр онлайн борлуулалт маань өсдөг хэмээн ярьжээ.

Б.Мандхай нь "Буян" компанийн захирал Б.Жаргалсайханы охин бөгөөд Лондонд амьдардаг, өөрийн гэсэн урлантай, загварыг нь өөрөө гаргаж аавынхаа үйлдвэрээр хийлгэдэг байна.

Түүний талаар https://www.vogue.co.uk "Хүйтэрч байгаа энэ үед гарал үүсэл нь тодорхой, ёс зүйтэй бүтээгдэхүүнийг Англиас яаж олох вэ гэж үү. Тэгвэл Мандхайн шинэ брэндийг сонгоорой. 30 настай дизайнер бүсгүйн эцэг эх 25 жилийн өмнө коммунизмаас шилжсэн Монгол оронд ноолуурын үйлдвэр байгуулж дэлгүүр ажиллуулж эхэлсэн юм. Одоогоор тэдний гэр бүлийн эрхэлж буй 2 үйлдвэр тус улсын томоохон ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болсон бөгөөд жуулчдын очих дуртай газар болжээ. Тэрбээр энэ тухайгаа намайг "Бага байхад Жулиа Робертс, Ричард Гир нарын одод манай үйлдвэрээр зочилж ээрүүлийн машиныг үзэж сонирхож байсныг санаж байна" хэмээн ярьсан" гэжээ.

Мандхай загвар, маркетингийн чиглэлээр сурахаар 20 настайдаа Лондонг зорьжээ. Үүнийхээ хажуугаар нягтлан бодогчийн оройн курст сурч, өөрийн брэндээс гадна Rejina Pyo, Grace Wales Bonner зэрэг дизайнеруудын ноолуур нийлүүлдэг ажээ.