УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Энэ хуулийг дэмжиж байна. Телевизээр дандаа улс төрч юмуу олон ангит кино гардаг байдал энэ хууль батлагдсанаар багасах байх гэж найдаж байна. Телевизүүдийг үзэхээр орой улс төрчид юм уу олон ангит кино гарч харагддаг. Мэдээгээр бас дандаа улс төрчид гарна. Мэдээний дараах том том ярилцлагаар мөн л улс төрчид гардаг. Үүнийг багасгах хэрэгтэй. Мөн үргэлж үнэн зөв мэдээлэл цацах нь зүйтэй" хэмээлээ.


Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хүргэж байна.

Манай улсын хувьдөргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, тавигдах шаардлага өөрчлөгдөж байна. 

Түүнчлэн Улсын Их Хурлаас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан боловч уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэгдсэн болно. Гэтэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл  эзэмших эрх бүхий телевиз Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 1, орон нутагт 50 байгаа бөгөөд эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа болон хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан хэрэгцээ, шаардлагыг харгалзан Өргөн нэвтрүүлэгийн тухай хуулийн төслийг боловсруулсан болно.


Хуулийн төсөл нь 8 бүлэг, 33 зүйлтэй байх бөгөөд төсөлд дараах асуудлыг тусгалаа:

Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томъёоны тодорхойлолтыг.

Хоёрдугаар бүлэгт Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд баримтлах зарчим, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрлийг.

Гуравдугаар бүлэгт Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нийтлэг шаардлага, тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, хураамж, тусгай зөвшөөрлийн хугацаа, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл, тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хориглох зохицуулалтыг.

Дөрөвдүгээр бүлэгт өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны талаархи онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, зэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалтыг.

Тавдугаар бүлэгт Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлэгчид тавигдах шаардлага, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага, зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлагыг талаар.            

Зургаадугаар бүлэгт Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд хориглох зүйлийг.

Долоодугаар бүлэгт Өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан байгууллагуудын эрх, үүргийг.

Наймдугаар бүлэгт Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаанд тавигдах хяналт,  өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаархи зохицуулалтыг.


Хуулийн төсөл батлагдсанаар дараах нийгэм, эдийн эерэг үр дагавар үүснэ гэж үзэж байна: 

1/өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндэс тодорхой болж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчин бүрдэнэ;

2/өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл, журам хуульчлагдаж, хөрөнгө оруулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ; 

3/өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавих шаардлага тодорхой болно. Тухайлбал, үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл агуулсан мэдээ, хөтөлбөртэй байх; зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, бусдын бүтээлийг албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нэвтрүүлж, дамжуулах; гамшгийн аюул болон гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй, шуурхай нэвтрүүлэх; хуулиар хориглоогүй боловч хүүхэд, залуучуудын оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлж болохуйц агуулгатай нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны киног дамжуулахдаа нэвтрүүлэх цагийн зохицуулалт хийх, эсхүл техникийн бусад арга хэмжээг ашиглах замаар хязгаарлалт тогтоох; нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай ажиллагаа, олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан байх; хөтөлбөр дэх нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа тодорхой байх;дамжуулж байгаа гадаад улсын нэвтрүүлэг нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байх зэрэг шаардлагыг хуулийн төсөлд тодорхой тусгахболно;

4/радио, телевизийн зар сурталчилгаа, тэр дундаа нийгэмд тустай зар сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болно;

5/сэтгүүлч болно редакцийн зөвлөлийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарна. Тухайлбал, хуулийн төсөлд төрийн байгууллага, албан хаагч, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх ажилтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч мэдээ, нэвтрүүлгийг ивээн тэтгэхийг хориглохоор тусгана;

6/өргөн нэвтрүүлгийн зах зээл дээр хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам тодорхой болно;

7/өргөн нэвтрүүлгийн салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах боломж нэмэгдэж, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, удирдлагын багтай холбогдох мэдээлэл олон нийтэд ил тод болно.

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуультай нийцэх бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулсан болно.