УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Тус хуралдаанд Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөнө.

Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай нэр бүхий өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар Ж.Эрдэнэбат нарыг сулласан юм.

УИХ-ын тухай хуульд зааснаар анхдугаар хуралдаанд тангараг өргөөгүй УИХ-ын гишүүн нь оролцсон анхны хуралдаандаа УИХ-ын гишүүний тангараг өргөдөг байна. Тэрээр өнөөдөр анх удаа хуралдаандаа оролцох учир тангарагаа өргөнө.


УИХ-ын гишүүн дараах тангарагийг өргөнө.

Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.