Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж, олонх нь дэмжлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Нэр дэвшигчийг дэмжиж байна. Хөдөө, аж ахуйн салбар хүнд байгаа. Үндсэндээ Монгол Улсын хүнсний аюулгүй байдал алдагдсан. Бид жилдээ нэг их наяд төгрөгийн хүнсийг импортоор авч, иргэдийнхээ хүнсний хэрэглээг хангаж байгаа. Монгол мал давжаарсан. Сүүлийн 30 жил малын удмын сан, үржил селекцийн ажил орхигдож, малын цус ойртсон, өвчлөлд дэврэмтгий, дархлаа нь суларсан. Эндээс мал аж ахуй салбар өрсөлдөх чадвараа алдсан байгаа нь харагдаж байна. 

Хөрс хамгааллын бодлого алдагдсан. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 5 орчим хувийг эзэлж буй газар тариалангийн бүс нутаг, түүний үржил шимт хөрсний нөхцөл байдал туйлын доройтсон. Хөрс хамгааллын асуудлыг яаралтай авч, чанарын баталгаажлыг хийж, бодлогын эрс арга хэмжээ авахгүй бол оройтож байна. 

Салбарын хүний нөөцийн асуудал хүнд, ажлын хүч үндсэндээ байхгүй. Ажиллах хүч бэлтгэх сургууль болон шинжлэх ухааны хүрээлэн ХХААХҮ-ийн яаманд хамааралгүй, уялдаа холбоогүй байна. Эдгээрийг яаралтай цэгцлэх шаардлагатай.

Тиймээс нэгдүгээрт бодлогын асуудлуудаа гартаа оруулж ав, хоёрдугаарт, мал аж ахуйг яаралтай эрчимжүүл. Жилд 6000 гаруй хүн хавдраар өвчилж 4000 гаруй нь нас барж байна. Тиймээс төв суурин газруудын хүнсний хэрэглээ, хангамжийг анхаар.

Мөн монголын нийт хүүхдийн 95 хувь нь шүдний өвчлөлтэй гэсэн судалгаа байна. Энэ нь Монгол улсад сүүний хэрэглээний бодлого хаягдсныг харуулж буй юм. Өөрөөр хэлбэл, хэрэгтэй кальциа авч чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр бодлогын томоохон арга хэмжээнүүдийг яаралтай авах хөтөлбөр боловсруулж Засгийн газарт оруулж ир.

Үүн дээр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавь хоригийг хүлээж авах ёстой гэсэн байр суурьтай байна. Ялангуяа хөдөө аж ахуйн салбар ажлын байрыг нэмэгдүүлэх, Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдлыг хангах гол салбар юм" хэмээн хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан юм.