БНХАУ-ын 170 хүний амийг авч одсон коронавирус (2019-nCoV)-ийг эмчлэх болон тус вирусээс хамгаалах дархлаажуулалтын вакцин бүтээхэд туслах зорилгоор "Алибаба"-г үүсгэн байгуулагч Жэк Ма 100 сая юань (14.4 сая доллар) хандивлажээ.

55 настай бизнес эрхлэгч тэрээр 40 сая юанийг (5.8 сая доллар) “Жэк Ма сан”-гаараа дамжуулан хандивласан ба үлдсэн санхүүжилтийг "урьдчилан сэргийлэх, эмчлэх" арга хэмжээг дэмжих зорилгоор Засгийн газрын хоёр судалгааны байгууллагад өгсөн тухай CNN агентлаг мэдээлсэн байна. 

“Жак Ма сан” нь анагаах ухаан, шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд өөрийн хүч чадлыг шавхана” гэж тус сан өөрийн Weibo хуудастаа бичсэнийг Daily mail орчуулан хүргэжээ.

Алибаба нь дэгдэлт гарсан Хубэй мужийн Ухань хотын эмнэлгүүдэд эмчилгээний зориулалтаар 1 тэрбум юань (144 сая долларын)-ын хандив өгснөөс хэдхэн хоногийн дараа уг мэдэгдэл гарчээ.

Алибаба мөн эрдэм шинжилгээний байгууллагуудад үнэ төлбөргүйгээр хиймэл оюун ухааны тооцоолох компьютерийг санал болгож,  вакцин эсвэл эмчилгээний эрэл хайгуулд нь туслах болно гэж мэдэгджээ. 

Одоогийн байдлаар 150 гаруй компани үндэсний эрүүл мэндийн хямралыг арилгахад зориулж 4.5 тэрбум юань буюу 649 сая долларын хандив өргөсөн болохыг Хятадын Бизнес эрхлэгчдийн сэтгүүл мэдээлсэн байна.


Эх сурвалж: https://nextshark.com/