УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб, тус сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байна гээд Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгаа бэхжүүлэхэд ихээхэн ахиц гарч, ялангуяа ДНБ-ий өсөлтөд уул уурхайн салбар голлосон болохыг онцолж байв. Тэрбээр, Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 8,6 хувьд хүрч, энэ сарын байдлаар ядуурал 4,3 хувиар буурсан гэсэн үзүүлэлтүүд гарсан. Түүнчлэн Монголбанк улс орны эдийн засгийг сэргээх, өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх зэрэг чиглэлээр тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглэв.

Үүний дараа Ноён Жэфф Готтлийб "УИХ-ын даргатай уулзаж буйдаа мөн баяртай байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд УИХ-ын даргын байр суурь чухал. Монгол Улс хоёр жилийн хугацаанд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр эдийн засаг нь сэргэж, бусад орнуудтай харьцуулахад хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн маш эерэг гарч байгаад баяртай байна" гэлээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын төсөв, банк, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.