НЬЮ-ЙОРК. /CNBC/. Америкийн бизнес эрхлэгч Жефф Безос “Amazon” компанийнх нь хувьцаа унасны улмаас нэг өдрийн дотор 6.9 тэрбум ам.доллароо алдлаа гэж телевизийн “CNBC” суваг мэдээлжээ.

Тус сувгаар мэдээлснээр, есдүгээр сарын 30-нд дууссан гуравдугаар улирлын тайлангаа нийтэлсний дараа “Amazon” компанийн хувьцааны ханш даруй 9 хувиар унасан байна. Үйл ажиллагааных нь орлого 3.2 тэрбум ам.доллар болж буурсан нь хөрөнгө оруулагчдыг гонсойлгожээ. Өнгөрсөн оны мөн үед тус компани 3.7 тэрбум ам.долларын орлого олж байсан байна. Үүнээс гадна, гуравдугаар улиралд 2.1 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь мөн буурсан үзүүлэлт аж. 

Хэрэв “Amazon”-ы хувьцааны ханш баасан гарагт үргэлжлэн унавал Безос "манай гарагийн хамгийн баян хүн байхаа болих" бөгөөд хамгийн баян бизнес эрхлэгчдийн чансаанд түүний орыг “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс  эзэлнэ гэж “CNBC” сувгийн мэдээнд онцолжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг