Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлагууд жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар болон ЖДҮ хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийлээ. Тэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийн хууль бусаар авсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон ЖДҮ-ий хөгжүүлэх сангийн  зээлийн хорооны гишүүдийг АТГ шалгуулна гэв. Мөн эрх мэдлээ ашиглаж авсан зээлийг эргэн төлүүлэх зэрэг шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.


Мөнгөө хүүлчихээд сууж байхад эргэн төлөлт нь хангалттай төлөлгүй яахав

/Баялаг бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бумцэнд/

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай шинэчилсэн хуулийг хэлэлцэх гэж байгаа энэ торгон мөчид бид энэ хурлыг хийж байна. Үндэсний үйлдвэрлэгч нарт боломж алга. Тендерийнхээ хуулинд хүртэл дотоодын үйлдвэрлэгч ААН-д давуу эрх олгохгүй гээд биччихсэн байна шүү дээ. 2018 онд дотоодын бараа худалдан авалтыг бараг дэмжсэнгүй, импортыг барааг л дэмжсэн он жилүүд байлаа. ЖДҮ эрхлэгчид бор зүрхээрээ зүтгэж байна. Уг нь сантай ч тэр мөнгийг нь дарга нар нь авчихдаг. Тендер нь ч гэсэн тендерийн ченж дарга нарынх болчихсон. Дээрээс нь татвар, гааль, МХГ-ын дарамтанд байдаг. Үнэндээ хамгийн олон хүнийг тэжээж хооллож байгаа чухал салбарыг төр засаг маань харж үзэхгүй өдий хүрлээ. Бид төр засаг баялаг бүтээгчдийн дунд гүүр болсны хувьд дуугарахаас өөр арга алга. Эргэн төлөлтийн хувьд сангийн тайлангаас харахад маш сайн байдаг. Зээл авдаг хэлбэр нь ийм, мөнгөө хүүлчихээд сууж байхад эргэн төлөлт нь хангалттай төлөлгүй яахав. Хэрэв энэ сангийн мөнгө ЖДҮ-ийн сангийнханд хүртдэг бол үйлдвэрлэл үнэхээр хөгжинө шүү. 

Үгсэн хуйвалдаад хуваагаад авчихдаг цагт үндэсний үйлдвэрлэл хөгжихөд бэрх

/Баялаг бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Мөнхтөр/

Шинэ хуулийн төсөл дээр бичил гэдэг үгийг аваад хаячихжээ. Гэтэл бизнес өөрөө бичил байхаас л эхэлж байж улс орны хөгжилд  хувь нэмэр оруулах хүртлээ хөгждөг. Үүнийг эргэж хармаар байна. Мөн С.Чинзориг сайд өөрийнхөө яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн сантай нийлүүлээд авчихлаа. Энэ нь бидний гар хөлийг тайрсантай адилхан боллоо. Санд байгаа мөнгийг нь үйлдвэрлэгч нар биш төрд байгаа хүмүүс нь үгсэн хуйвалдаад хуваагаад авчихдаг цагт үндэсний үйлдвэрлэл хөгжихөд бэрх.

ББСБ-аар дамжуулаад эргээд үйлдвэрлэл эрхлэгч нараа хүүлж байна

/Баялаг бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Удвалцэцэг/

УИХ-ын гишүүд эрх мэдэлтнүүд шинээр батлах жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай шинэчилсэн хуулид өөрсдөдөө ээлтэй маш олон зүйл заалт шургуулсан.  Жишээ нь 5 дугаар заалтад тухайн компани хэчнээн төгрөгийн орлого олдог байх нь хамаагүй зөвхөн ажилтны тоог харгалзана гэсэн байгаа юм. Гэтэл 60 тэрбумын орлоготой хэрнээ 5-хан ажилтантай. Авсан зээлээ ББСБ-аар дамжуулаад эргээд үйлдвэрлэл эрхлэгч нараа хүүлж байна. 

Би өөрөө энэ талбарт ажиллаж яваагийн хувьд ЖДҮ дэмжих санд 3 ч удаа зээлээ өгч үзсэн. Тэвэр дүүрэн магтаал сонсоод л гардаг, нэг удаа ч зээл авч үзээгүй. Ингээд л аргагүйдэж банкинд ханддаг. 40-60 хоног хүлээлгэдэг. Аргаа бараад хамгийн хурданаар нь ББСБ-д хандаж сарын 4,8 хувийн хүүтэй зээл авахаас өөр аргагүй байдалд ЖДҮ-ийнхэн минь явж байна. Гэтэл УИХ-ын гишүүдийн эхнэрийн компани 14 хоногийн дотор зээлээ авчихсан байгаа нь баримттайгаа ил болчихлоо. Хэрэв ийм бага хувийн хүүтэй зээл үйлдвэрлэгчдэд очдог бол асуудалгүй төлнө. Энэ байтугай банкны, ББСБ-ын өндөр хүүг төлчихдөг улс шүү дээ. 

Бүх зүйл цаанаасаа зохион байгуулалттай явж ирсэн

Баялаг бүтээгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр

2018 оны 6 дугаар сард бид энэ сэдвийг сөхөж байсан. Тэр үед зээл авсан 147 ААН-ийн нэр тодорхой бус байсан. Тэр байтугай ЖДҮ-ийг дэмжих форум дээр хүртэл УИХ-ын гишүүн  Д.Эрдэнэбат, Я.Содбаатар гишүүн хүртэл "Наад зээл авсан хүмүүсийнхээ нэрсээ ил гарга, та нар яагаад нуугаад байдаг юм бэ" гэж байсан. Гэтэл үзэмжээр шийддэг хэвээрээ. Бүх зүйл цаанаасаа зохион байгуулалттай явж ирсэн. 8 сард 515 төслөөс 82-ыг сонгон шалгаруулаад санхүүжүүлэх шийдвэр гарсан. 14 хоногийн дотор шүү. 8 сарын 23-нд зээлийн хорооны шийдвэр гарахад ерөөсөө ганцхан хоногийн дараа сайдын тушаал нь гарчихсан гээд бод доо. Тийм учраас энэ журмыг яаралтай шинэчлэн баталмаар байна