Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-аас “Хариуцлага нэхэх бүх ард түмний цуглаан”-ыг Сүхбаатарын талбайд өрнүүллээ.

Цуглаанд Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо, “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөн, Аж үйлдвэрийн зөвлөл зэрэг иргэний нийгмийн байгууллагууд нэгдсэн байна.

Жагсагчид "Монгол Улсын иргэд бүгд тэгш эрхтэй байна гэж заасан байдаг. Гэтэл хууль жирийн иргэдэд үйлчлээд УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцохгүй байна.Тэдэнд хариуцлага тооцохыг ард түмэн шаардаж байна” гэлээ.

Тэд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ урвуулан ашиглан зээл авсан  засгийн сайдууд болон УИХ-ын гишүүд, төрийн  албан тушаалтнуудад хариуцлага тооцох, эдгээр хүмүүсийн ЖДҮХС-гаас авсан зээлийг буцаан төлүүлэх, ЖДҮХС-гаас зарласан төсөл сонгон шалгаруулалтыг ил тод болгох, санд хуримтлагдсан мөнгийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох, ЖДҮХС-д Сангийн яамнаас шалгалт хийж байгаа. Шалгалтын дүн өдийд гарсан тул түүнийг ил болгохыг шаардаж байгаа юм.