Бүртгэлгүй, хянах тоолох, татвар авах боломжгүй хэрнээ үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ явуулж, орлого олж, зарцуулж байдаг хэсгийг албан бус буюу далд эдийн засаг гэдэг. Мөн бүртгэлээс гадуур хулгай, авлига, хууль бус наймаа, мафийн нууц далд эдийн засаг байж болно. 

Гэтэл Монгол Улсад үүнээс өөр, нийт эдийн засаг дотор шимэгч паразит дарга нарын эдийн засаг давхар үүсч, өсөлт, нийгмийн хөгжлийг тас боомилсон байдалтай болжээ. Улсын төсвөөс цөлмөж санхүүждэг, эргээд улсын төсвийг захиран зарцуулах улс төрийн эрх авах хүртэл бүтэн эргэдэг цогц “эдийн засаг”. 

ЖДҮ-г хөгжүүлэх, тариалан эрхлэлтийг дэмжих, орон нутгийг дэмжих, инновацийг дэмжих, малчдыг дэмжих, мал хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих гэх мэтээр иргэдийн төлөө гэсэн хэн ч үгүйсгэж чадахааргүй зөв гоё нэрээр, хууль баталж, хөтөлбөр гарган, санхүүжилтийг нь улсын төсөвт олон тэрбумаар нь суулгадаг. Зөвхөн төрийн энэ сангууд биш цаана нь тендер, концесс, бондын зээл гээд ямар хэлбэрээр төсвөөс мөнгө гадагшилна. Тэр бүгд мөн л санхүүжилт төсвөөс авах нэгэн төрлийн арга зам юм. Энэ бол далд эдийн засаг биш, албан ёсны тоо бүртгэлд орно, зээл, төсөв, татвар, тайлан гэх мэт бүгд бодлого журмын дагуу мэт явна. Тэр нь харин жинхэнэ эзэд иргэдэд хүртээлгүй, цөөн тооны дарга сайд, улс төрийн бүлэглэлийн хүрээллээр дамжин шат шатандаа өөр өөрийнхөө хэмжээнд таарсан хүүгүй зээл, тендер, тусламж өгөөж хэлбэрээр хуваарилагдана. Хуваарилалтыг нам, бүлэглэлийн дарга нар албан бусаар хийж зохицуулна. 

Монгол Улсын эдийн засаг 3.2 сая хүнийх бол энэ эдийн засаг ердөө 10 мянган хүн дотор эргэлдэнэ, гэхдээ нийт орлого ашгийн дийлэнхийг цөлмөж, бусдын ажил, бизнес хийх боломжийг хаана. Энэ шимэгч эдийн засгийн гишүүн хүүгүй зээл арын хаалгаар тэрбумаар нь авч, бусдаас давуу байдалтай болсноор өөрийн "ЖДҮ" бизнесээ хялбархан босгоно, эсвэл зүгээр л банкинд хадгалуулах, ББСБ байгуулан өндөр хүүтэй зээлүүлж мөнгө хүүлж, зах зээл дээр байхгүй өндөр ашиг богино хугацаанд олдог байна. Харин жинхэнэ бизнес эрхлэгчид яг тэр мөнгийг нь өндөр хүүтэй зээлж авч бизнесээ зогооно.

Мэдээж бизнес эрхлэгч нөхөр "татвар", хувь ногдолоо өөрийг нь харж үзсэн, олон тэрбумын хүүгүй зээл өгсөн бүлэглэлдээ хураалгана. 

Зарим бизнес олигтой юм хийгээгүй атлаа нүдэн дээр огцом томорч гэнэт том барилга объект сүндэрлүүлчихдэг, үл хөдлөх хөрөнгөтэй болж түрээслэн хүүлэгч, тасархай баян болдогийн, бас газрын үнэ тэнгэрт хаддагийн цаад учир энэ. 

Эргээд ашгаараа улс төрөө санхүүжүүлнэ, намдаа хандив өгнө, хэвлэл мэдээллийг, тойрон хүрээлэгчдээ худалдан авна, өөрийн талд үйлчлэх, олны толгойг эргүүлэх зорилготой коментчдын армийг үүсгэнэ. Хэн олон дагагч, цүнх баригчдыг цуглуулж, цалин өгч, тэжээж чадаж байгаа нь эрх мэдэлтэй, улс төрийн бизнесмэн, корпорацийн эзэн гэсэн үг. Аажим намынхаа нэг фракцийг, эсвэл бүтнээр нь хувьчлан авч, хувийн намтай болно. Сонгуульд хэн хаанаас яагаад их хэмжээний мөнгө хайр гамгүй цацаж, тараадгийн, хувийн телевизтэй болж, хэвлэл мэдээллийг хүссэнээрээ хаалтын гэрээгээр зогсоож чаддагийн учир энэ. Нам нэртэй боловч улс төрийн корпорац болж хувирсны шалтгаан мөн энэ.

Сонгогчдыг хуурч маллах, аргагүй нөхцөл байдлаар нь дарамтлах, мөнгө тараах ажлыг хариуцдаг бага шиг цалинтай байнга ажилладаг намын салбар хороо, хөл гэгдэх нэгжүүд байна. Мөн сонгуулийн үеэр мөнгө тараах, цөөн омог бүлгийг санал өгүүлэх үнэн худал нь мэдэгдэхгүй "би чадна" бүлгийн цагаар ажилладаг түр ажил хайгсад бас нэр дэвшигчдийг тойрон эргэлддэг. Ингэж Монголын эдийн засгийн ажлын байр, орлогын нэлээд хэсгийг улс төрийн халтуур эзэлдэг, улс төрийн бизнесмэн, корпорацийн эзэд ажил олгогч боссууд, ачтанууд болон хувирчээ. 

Улс төрчдийн энэ сүлжээг дэмжин, бага шиг цалин хөлс аван иргэдийг мунхруулах, дарамтлах, мөнгө тараах ажлыг гардаж буй хүмүүс үр хүүхдийнхээ ирээдүйг ирээдүйг устгаж байгаагаа, өөрийнхөө илүү амьдрах боломжийг бусдад үнэгүй бэлэглэж, түүнийгээ төлөө нөгөө хэдэн даргаа долоон тал засч доош орж байгаагаа ухаардаггүй.

Жирийн иргэд хотод ч хөдөө суманд ч хоорондоо талцаж, намчирхаж, дээрээ залсан хувалзнуудынхаа өмнөөс ах дүүс, найз нөхөдтэйгээ хүртэл муудалцан сонгуульд ялсны дараа дарга нарын төсвөөс цөлмөх мөнгө бялуунаас үртсийг нь олж долоох хөдөлгөөнд нэгддэг. Улс төр хийж байна гээд олон залуус энэ улс төрийн корпорацид “ажилд орон”, эзэндээ үнэнчээ харуулах, шимэгч эдийн засгийг ажиллуулах нэг эд эс нь болон ирээдүйгээ гишгэчиж эхлэнэ. Улс төрийн корпорацийн эздийн хувьд жирийн иргэд бизнесийнхэн ядуу, хямдхан, ажил бизнес, амьдрал нь элдэв саад барцадтай байх тусам тэдний ашиг орлого, тоглох орон зай гарах тул улс төрийн тогтворгүй байдлыг өдөөж, шинэ хүчин, эрүүл санааг саармагжуулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, дотоодын шударга бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн эсрэг олныг төөрөлдүүлэн турхирч, бужигнуулж байдаг. Үүнд гадны ашиг сонирхол ч хавсрах нь бий. 

Ийнхүү, улс төрийн гэж нэрлэж болох улс доторх улс, эдийн засаг доторх давхар шимэгч эдийн засаг үүссэн байна. Энэ эдийн засаг жирийн иргэд, бизнесийнхэнд хамаагүй, сонгуулийн мөнгө тараах, сонгуульд ажиллах багийнхан, дарга нарын тойрон хүрээлэлд л хамаатай, нийгмийн хамаг баялаг, боломж бүрийг тэдэнд хуваарилах тогтолцоо буюу дарга нарын эдийн засаг.

Эдийн засаг бий болж буй баялаг, улсын төсвийн дээж хэсгийг энэ эдийн засаг руу сороод авчихдаг тул багш, эмчийн цалинг нэмэх төсөв байдаггүй, сургууль цэцэрлэг барих мөнгө байдаггүй, жинхэнэ бизнес эрхлэгчдэд зээл хүрдэггүй, ажил олдохгүй, зээлийн хүү буурахгүй, валютын ханш тогтворжихгүй, яаж зүтгэж хичээгээд бизнес олигтой босохгүй, амьдрал дээшлэхгүй. 

Монгол Улс, Монгол хүн бүр ийм шимэгч тогтолцоонд бариулан, өөрийн мэдэлгүй энэ шимэгч тогтолцоонд үйлчлэн, хийж бүтээх, ажиллаж хөдөлмөрлөх, ирээдүйгээ бүтээх боломжоо булаалгаж байна. 

Жинхэнэ өөрчлөлт хийе гэвэл ганц нэг сайд огцруулаад дуусах биш төсвөөс зувчуулдаг улс төр, санхүүгийн энэ бүтцийг тэр чигт нурааж, нэр холбогдсон улс төрчдөөс төрийг цэвэрлэх шаардлагатай. 

Үүнийг Монголчууд талцаж, намчирхаж хоорондоо маргах биш харин асуудлын эсрэг талд гарч, хүүлэгч улс төрчдийн эсрэг нэгдсэн цагт л хялбархан бүтээж чадна.