Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнг ажлаас нь халах шийдвэрийг хотын дарга С.Амарсайхан гаргажээ. Түүнийг төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлээгүй, албан үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн ажлаас халах тушаалд дурджээ.

Уг шийдвэртэй санал нийлээгүй Ж.Дамдинцэрэнг фэйсбүүк хуудас дээрээ ийнхүү байр сууриа илэрхийлсэн бөгөөд хэсэг бүлэг хүний эрх ашиг, хувийн сонирхол, худал гүтгэлэг, цуурхал, явуулгаар халагдаж байгаа тул шүүхэд хандахаа бичжээ.

Өнөөдрийг хүртэл Төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өгсөн үүрэг даалгавар, төлөвлөсөн ажлуудаа цаг тухай бүрт нь хийн гүйцэтгэж, Нийслэлийн Соёл, урлагийн газар нь нутаг дэвсгэрийнхээ хэм хэмжээнд тодорхой бодлого гаргахад нөлөөлдөг, мөн хэрэгжүүлдэг байгууллага байлгахын төлөө ирсэн намайг Сахилгын шийтгэлээр ажлаас халж байгаад харамсаж байна. Сандал суудал, албан тушаалдаа хорогдоод байгаадаа огт биш! Төрийн албан хаагчдын эрх ашиг гэж байхаа больсон, утгаа алдсаныг харуулж байгаа юм. Энэ хугацаанд хүнийг яаж харлуулж болдог, яаж гүтгэж болдог, яаж доромжилж болдог гэдгийг өөрийн биe дээр мэдэрлээ. Хэсэг бүлэг хүний эрх ашиг, хувийн сонирхол, худал гүтгэлэг, цуурхал, явуулгаар халагдаж байгаа тул шүүхэд хандаж, үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэх болно.