Цаг үеийн асуудлаар хууль зүйн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн "Монгол Улсын хил тайван, халдашгүй дархан байна. Хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрүүд бүрэн хэрэгжиж байна. 

Улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг хязгаарлах шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллаж байна. Монгол Улсын хилээр зорчигчийг зөвхөн Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр бүрэн хяналтын дагуу шалган нэвтрүүлж байна. 

"Улсын хилийн шугам өөрчлөгдсөн, хил хамгаалах байгууллага хяналт шалгалтыг дутуу хийсэн, хяналт тавилгүйгээр улсын хилээр иргэдийг бөөнөөр нэвтрүүлсэн" гэсэн гүтгэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахимаар цацагдаж байна. Хил хамгаалах байгууллага, хилчид коронавирусийн цар тахлын эрсдэлтэй үед хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж байна.

Хил хамгаалах байгууллага, хилчдийг гүтгэсэн асуудлуудаар бид хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, шалгуулах ажиллагааг эхлүүлж байна. 

Улсын хилийн зорчих хэсгээр Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр зөвхөн олон улсын ачаа тээврийн жолооч нар, дипломат ажилчид, тэдгээрийн гэр бүл, улс орны бүтээн байгуулалтад оролцож байгаа гадаадын инженер, техникийн ажилчдыг шалгаж, нэвтрүүлж байна. 

Зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтэрсэн нэг ч иргэн байхгүйг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээлээ.


Монгол Улсын хилээр орж ирсэн бүх хүний хөдөлмөр эрхэлж буй байдал бүрэн хяналтад байгаа


Гадаадын иргэн харьяатын газрын дарга, хурандаа Н.Ууганбаяр "Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор энэ онд Монгол Улс руу нэвтрэхээр хүсэлт гаргаж, виз хүссэн иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс эрс багассан, орж ирсэн хүмүүсийн тоо ч бага байна. 

Үүнийг дагаад зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй шиг хууль бусаар Монгол Улс руу орж ирсэн хүн байхгүй. Зөвхөн Улсын онцгой комиссын шийдвэр, Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газрын шаардлагыг хангасан хүмүүс орж ирж байгаа. Хилээр нэвтэрсэн хүмүүсийн тоо, хөдөлмөр эрхэлж буй байдал манай байгууллагын бүрэн хяналтад байгаа" гэдгийг онцлов.