УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, Монголын улстөрд үүсээд буй асуудал, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ үеэр "Би УИХ-ын гишүүнээр 6 дахь жилдээ ажиллаж байна. Төрийн ордон дотор юу болдог, юу болдоггүйг хангалттай харлаа. Монголын өр 2 жилийн дотор 2 тэрбум доллараар нэмэгдсэн байна. Хоёр айл тутмын нэг нь ядуу болсон байна. 

60 тэрбумд орооцолдсон нөхдүүд гадаадад зугаалж явна. Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудлыг шийдэж чадахгүй байна гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэллээ. Албан тушаалын гэмт хэргүүд шүүх, прокурор дээр очоод гацаж байна. Бид энэ төр засгаа яаж хөгжлийн замд оруулах вэ? 

Надад нэг гарц, санал байна. Үүнийгээ ярих гэж, иргэд улстөрчидтэй хуваалцах гэж би энэ хурлыг хийж байна. Одоо бүгд Засгийн газрыг солих талаар ярьж байна. Засаг, нам солиод юу ч өөрчлөгддөггүй гэдгийг 28 жил харлаа. 

Тиймээс засаглал, системийн хямралаас гарахын тулд бүх ард түмний санал асуулга явуулах ганц л гарц бидэнд үлдлээ. Тиймээс хуулийн дагуу ард нийтийн санал асуулга явуулъя. Санал асуулгааар:

  1. Шинэ үндсэн хуультай болох уу, үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу?
  2. Монгол улс засаглалын ямар хэлбэрээр цааш явах вэ? гэдгийг л иргэдээс асуухад хангалттай. 

Үүнд бүх иргэд, нам, улстөрчдид идэвхтэй оролцож, засаглалын хэлбэр, системээ сайжруулъя. Би ирэх баасан гарагт "Цаг боллоо, системээ өөрчилье" хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулна. Монголд Засгийн газрын буруу үйлдэл гэхээс илүү засаглалын буруу систем тогтчихоод байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй байна" хэмээн мэдэгдлээ.