УИХ-ын сонгуулийн дүнтэй холбоотой асуулаар ШИНЭ эвслээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус эвслийн дарга Ж.Батзандан "УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Шинэ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв нам, Монголын үндэсний ардчилсан намын нэгдэл ШИНЭ эвсэл энэ удаагийн сонгуульд оролцож, нийт 200 гаруй мянган сонгогчийн саналыг авсан. Бүгдэд нь талахрлаа. Мөн ШИНЭ эвслийг дэмжээгүй мянга мянган сонгогчийн итгэлийн авахын төлөө улам их хичээж ажиллана. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой элдэв маргаан нэлээдгүй гарсан. Энэ зөрчлүүдийг хуулийн дагаж хянаж, шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байна. Би Баянзүрх дүүрэгт, Б.Жаргалсайхан дарга Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж гурван мандаттай тойргийн 4 дүгээрт орлоо. Л.Болд гишүүн Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж олон мянган хүний санал авсан ч мандат авч чадсангүй.

Харамсалтай нь энэ удаагийн сонгуульд ШИНЭ эвсэл УИХ-д албан ёсоор нэг ч мандат авч чадсангүй. Энэ нь цаашид үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж, бодлого, үзэл санаагаа илүү хүргэх шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг бидэнд өглөө. 

ШИНЭ эвсэл УИХ-д суудал авч чадаагүй учраас миний бие ШИНЭ эвслийн тэргүүнээс албан ёсоор огцорч буйгаа мэдэгдье. Мөн хариуцлага хүлээж, Шинэ намын даргын албаа өнөөдрөөс өгч байна" хэмээлээ.