УИХ-ын гишүүн Ж.Батзанданг барцад тойрсон бололтой. Он гараад ээлж дараалан шүүхэд дуудагдаж байна. Эхний заргадаа тэрбээр ялагдаж шүүхийн шийдвэрээр Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас уучлалт хүсэхээр болсон билээ. Гэвч тэрбээр бууж өгсөнгүй, "Д.Энхбатыг агсанг хулгайлсан, Эрдэнэтийн 49 хувийг ард тvмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсан хүнээс уучлалт хүсэхгүй гэдгээ нүүр номондоо бичсэн байна. 

Тэгвэл уг асуудал намжаагүй байтал өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн нэр төрд удаа дараа халдсан үндэслэлээр Ж.Батзанданг шүүхэд өгөхөө мэдэгдэв. 

Тэрбээр түүнд хандсан ил захидалдаа "С.Баяр намайг хэсэг бүлэг хүнтэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна." хэмээжээ. Харин уг захидлыг хариуд Ж.Батзандан "Би хувьдаа улс төрчдийн нэр төр, алдар хүндийг шүүх гэхээс илүү ард түмэн, иргэд сонгогчид тогтоодог гэж ойлгодог" хэмээн жиргэсэн байна. Хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй ч хэсэгтээ нам гүм амьдралыг сонгоод байсан С.Баяр улс төрд эргэн ирэх нь тодорхой болоод байгаа юм.