С.Зоригийг хөнөөсөн хэргийг хянах "Түр хороо" байгуулах эсэхийг хэлэлцэж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэжщлжилж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Монгол Улсын ардчилсан парламентын түүхэнд парламентын гишүүний амь насанд хүрсэн хэрэг 21 жилийн өмнө гараад өнөөдөр хүртэл илрэхгүй байна. Шударга, улс эх орныхоо төлөө тэмцдэг УИХ-ын гишүүдийн амь насыг сүүлийн 20 жил хөнөөсөн. Олон улсын парламентын холбоон дээр очиход "Та нар 1998 онд С.Зоригийг хөнөөсөн, О.Дашбалбарыг яаж хөнөөснийг бид гайхаж, судалдаг, М.Зэнээ, О.Энхсайхан нарыг яасан бэ" гэж асуудаг. Газар шороо, эх орныхоо төлөө тэмцсэн УИХ-ын гишүүдийг хөнөөдөг 20 жил цааш үргэлжлэх үү, үгүй юу гэдгийг өнөөдөр хэлэлцэж байна. Энэ арай хэтэрч байна. Хөнөөчихөөд хэргийг нь илрүүлэхгүй гэж хэнэггүй зогсдог явдлыг хэзээ зогсоох вэ. Хоёр жилийн өмнө энэ хэргийг илрүүлсэн гэж хуурамч жүжиг тоглочихоод, энэ жүжгээ нуун далдлах гэж 2 намын том улстөрчид сүүлийн 2 жил жүжиг тоглолоо. Амьд гэрчтэй хэрэг илрэхгүй байна гэж байддаггүй. 

21 жил нуулаа. 16 настай хүүхэд, 29 настай хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг дагуулж С.Зоригийн гэрт нь очоод хөнөчихсөн гэдэг жүжгээ одоо зогсоо. Прокурор н.Эрдэнэбат "Хангалттай олон нотлох баримтаар нотлогдож буй хэрэг" гэж ярьсан байсан. Хангалттай олон баримттай юм бол яагаад Т.Чимэгээ, Б.Содномдаржаа хоёрыг барьж хорьж, эрүүдэн шүүсэн байдаг юм. 

Одоо "Түр хороо" байгуулж асуудлыг нэг тийш шийдэх шаардлагатай. Эрүүдэн шүүсэн ажиллагааг зохион байгуулсан прокурор, шүүгч, мөрдөн байцаагч, ШШГЕГ-ын ажилтнуудад хариуцлага тооцох ёстой. ТЕГ-ын дарга асан Б.Хурцад хариуцлага тооцох ёстой. Энэ парламентад Б.Хурц, Ц.Элбэгдорж хоёрыг, Эрдэнэбилэг, Отгонбаатар хоёрыг дагаад гүйчихдэг олон хүн байгаа. Монголыг бузарлаж буй олигарх бүлэглэлүүдийн өмнө сөгдчихсөн гишүүдээс болж Монгол төр өндийхгүй байна. Одоо "Түр хороо" яаралтай байгуулж, ажилд нь оруулъя гишүүдээ. Хоёр жил та бүхний өмнө бөхийж гуйлаа" хэмээв.