Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, мэдэгдэлд няцаалт хийхийг Ж.Батзанданд даалгасан шийдвэрийг шүүх гаргасан.

Ж.Батзандан нь "Б.Хурц Герман, Францаас Монгол Улсын иргэн н.Энхбатыг хулгайлж авчирсан, Эрдэнэтийн 49 хувийн хэрэг, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбоотой" гэсэн мэдээллүүд хийж байсан юм.

Үүнтэй холбоотойгоор Б.Хурц Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх дээрх байдлаар шийдвэрлэж, Б.Хурцын нэр төрийг сэргээхийг Ж.Батзанданд шүүхээс даалгасан юм.

Уг асуудлаар Ж.Батзандан гишүүн өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Б.Хурц генерал Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний нэр хүндийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан доромжилсон учир сэргээж өгнө үү гэсэн гомдол, хүсэлт гаргасан. Сүүлийн өдрүүдэд " Ж.Батзанданг Б.Хурцаас уучлал гуй гэсэн шийдвэрийг шүүх гаргалаа" гэсэн худал мэдээлэл явж байна.  Би шүүхийн шийдвэрийг одоо уншиж өгье.

Тус шийдвэрт "Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл буюу мэдэгдэл, хэвлэлийн хурлаар няцаалт хийхийг хариуцагч Ж.Батзанданд даалгаж байна" гэж шийдвэр гаргасан.

Харин хоёрдугаар мөрөнд нь "Нэхэмжлэлийн шаардлагаас уучлал гуйхыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болголоо" гэсэн байна. Нэгдүгээр мөрөндөө "няцаалт хий" гэсэн хэрнээ дараагийн мөрөнд "нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийхийг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталлаа" гэж бичсэн. 

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн шүүх ийм утгагүй шийдвэр гаргасан. "Няцаалт хий, няцаалт хийх шаардлагагүй" гэсэн шүүхийн энэ шийдвэрийг би өчигдөр авсан. Нэгдүгээр мөрөөрөө Б.Хурцад долигонохыг оролдсон, хоёрдугаар мөрөөрөө үнэнийг илчилсэн шийдвэр гэж би ойлгож байна" хэмээн мэдээллээ.