УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан санал хэллээ.

Тэрээр "Орон нутагт иргэдтэй уулзаж явахад Зөрчлийн тухай хуулиа нэн дариу өөрчлөөч гэдэг шаардлага тавьж байна. Зөрчлийн хууль бол хоёр жил хэлэлцэж байгаад батласан том хууль. Хуучин захиргааны зөрчлийг нэгтгэсэн хууль юм. Иргэдийн зүгээс жижиг гэмт хэргийн тухай хуультай холилдоод бантан хутгасан гэж шүүмжилж байна. Тиймээс энэ хуулийг ХЗДХЯ яаралтай оруулж ирэх шаардлагатай байна. 

Хоёрдугаарт, Эрүүгийн хуультай холбоотой гомдол дагуулсан олон заалт байгаа. 2014 оноос хэлэлцэж эхлээд, 2016, 2017 онд хэлэлцэж дууссан. Гэхдээ иргэдийн эрхийг зөрчсөн, амьдралд нийцэхгүй олон заалт орсон. Үүнийг яаралтай өөрчлөх хэрэгтэй тул Засгийн газар оруулж ирэх шаардлагатай. 

Гуравдугаарт, ОУПХ-ноос УИХ-ын дарга Л.Энх-Амгалан болон Түр хороонд албан бичиг ирүүлсэн. С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлаар ОУПХ-ны шинжээчид УИХ дахь бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга нар, төрийн 3 өндөрлөгтэй уулзах хүсэлт тавьсан. Энэ бүх ажлыг зохион байгуулах Ажлыг түр хороо болон УИХ-ын дарга удирдлагууд анхааралдаа авч яаралтай шийдвэрлэх ёстой. 

Ний нуугүй хэлэхэд Түр хорооны гишүүдийн шалгалтаар Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг хилсээр хорьж байгаа нь эрүүдэн шүүж, тамлаж ял тулгасан нь тодорхой болж байна. Тиймээс УИХ энэ гэм зэмгүй, хилсээр хэлмэгдсэн хүмүүсийг суллахад онцгой анхаарах хүсэлтийг тавъя" хэмээлээ.