УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал болж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

"Эрх баригч нам гацаанд орчихлоо. Төв аймагт болж буй Б.Хурцын шүүх хурал тав дахь өдрөө гацчихлаа. Б.Хурц гэдэг этгээд бусдыг өдөөн хатгаж, бусдад зөвшөөрөл олгон Ц.Амгаланбаатар болон н.Итгэл хэмээх ялтнуудыг оруулж шүүхийн шийдвэргүйгээр эрүү шүүлт тулгасныг Монголын ард түмэн харсан. Хэргээсээ мултрахын тулд хуучин хуулийг хэрэглэе гэжээ. Энэ бол ямар ч боломжгүй зүйл. Одоо Төв аймгийн шүүхийг харж байя. Бидэнд шүүх хурал тэнцвэргүй болж байна гэсэн мэдээлэл ирсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2-3-хан өмгөөлөгч өмгөөлж байгаа бол Б.Хурц нарыг 17 хүн өмгөөлж байна. Шүүх хуралд мэтгэлцэх боломжийг ч олгохгүй байна. Шүүх хурлыг даргалж байгаа этгээд Ц.Элбэгдоржийн хамаатан шахуу хүн юм билээ.

Гүйцэтгэх ажил явуулах хуулийг Б.Хурц нарын этгээдүүд хангалттай зөрчсөн. Тухайлбал нэг хэргийн 2 гэрчийг нэг дор оруулдаггүй. Үүнийг гүйцэтгэх ажлын хуульд ч, хүний эрхийн конвенцид ч тусгасан байдаг. Хэрэгт шалгагдаж байгаа хүний хашаанд үхсэн хүний цогцос хаяхыг бас хууль зөвшөөрдөггүй. Иймээс хууль зөрчсөн, гүйцэтгэж ажил хийсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой."