Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттайгаар зохион байгуулан ажиллаж байна. 

Энэ хүрээнд Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан  өнөө өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан “Миний Улаанбаатар” бүжгийн челленжийг дэмжиж оролцлоо.

Энэ үеэр Ж.Батбаясгалан “Найман настай балчираас наян настай буурай хүртэл бүгд өөрийгөө эрүүл чийрэг байлгахын төлөө цаг гаргаж, хөдөлгөөн хийж байгааг харах сайхан байна. Нийтийн өмчийн цэцэрлэгт хүрээлэн, спорт талбайд нийтийн биеийн тамираар хичээллэхийг нийслэлчүүддээ уриалж байна. Өөрийн бие бялдар, нийтийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх залуусын энэ үйлсийг дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс дугуйн зам, спорт талбай, цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулахын төлөө ажиллана” хэмээлээ.