Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лаг руу унаж 4 хүн амиа алдсан харамсалтай осол өчигдөр орой гарсан билээ. Уг хэргийн дараа Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг гарсан байна.Тус ажлын хэсгээс үүсээд байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Осолдсон хүмүүсийн ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг хэргийг мөрдөн байцаах ажиллагаанд бид хөндлөнгөөс саад болох эрхгүй. Тийм учраас Цагдаагийн болон Прокурорын газраас өгсөн зөвлөмжийг дагуу мэдээллийг өгч байна" гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан:

НЗД-ын захирамжаар Төв цэвэрлэх байгууламжид гарсан осолтой холбогдуулан шуурхай ажлын хэсэг байгуулагдаад байна. Ажлын хэсэгт  БХБ, МХЕГ гэх мэт мэргэжлийн бүх байгууллагууд багтсан.

Өнөөдөр өглөө ажлын хэсэг 8 цагт Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн. Ерөнхий сайдын зүгээс ажлаа хийж байгаад амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн. 

Осол гарсан цагаас хойш Төв цэвэрлэх байгууламж тусгай горимд шилжин ажиллаж байна.

Өчигдөр болсон нөхцөл байдлаас үүдэж Төв цэвэрлэх байгууламжид 50-60 см орчим зузаан лаг хуримтлагдаад байна. Эдгээр лагийг шингэлж, зайлуулах ажлыг яаравчлан хийж байна.

Амь үрэгдсэн дөрвөн хүнээс гадна хордож эмнэлэгт хүргэгдсэн 8 хүн байгаа. Үүнд Төв цэвэрлэх байгууламжийн 4 хүн, гэрээгээр ажил гүйцэтгэсэн 4 хүн хурц хордлогод орж эмнэлэгийн үйлчилгээ авсан. Эдгээр хүмүүс хордого тайлуулахаас гадна сэтгэл зүйн үйлчилгээ авахаар эмчлүүлж байна. Сая авсан мэдээллээр эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн гэдгийг дуулгая.

Хотын дарга С.Амарсайханы зүгээс уг үйлдвэрлэлийн осолтой холбогдуулж ажлын байр дээрээ амиа алдсан хүмүүсийн гэр бүлд зөвхөн хууль журмын дагуу биш нэмэлт туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.