Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 настай охин нас барсан хэрэгтэй холбоотой асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр тус газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал "Хүүхэд эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдсэн, ажигласан, таамагласан тохиолдолд иргэн бүр заавал мэдээллэх чиг үүргийг Хүүхэд хамгааллын тухай хуульд  тусгасан байдаг. 

2018 оны 11 дүгээр сард талийгаач тус охин алга боллоо гэсэн мэдээлэл Хүүхдийн зуслангийн 108 утсанд ирж байсан байна. Дуудлагын шийдвэрлэлт нь тухайн хүүхэд орон нутаг дахь эмээтэйгээ утсаар ярих гэж гараад хажуугийн хүнсний дэлгүүр байхад нь оллоо гэсэн мэдээллийг 2 цагийн дараа эцэг эх нь өгсөн байна.

Цагдаагийн байгууллагаас өгч буй урьдчилсан мэдээллээр тухайн өрхийн мэдээллийн дагуу хамтарсан баг ажиллаагүй байна. Өнгөрсөн 6 дугаар сард тухайн хүүхэд тоглоомын талбайгаас унаж гараа гэмтээсэн гэсэн нөхцөл байдалтайгаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ээж болон хорооны ажилтантай үзүүлсэн байна. Энэ үед хавирга нь хугарч бороолсон байсан гэсэн мэдээллийг Гэмтлийн эмнэлэг өгч байсан гэдэг мэдээллийг үнэн эсэхийг тодруулахаар бид ажиллаж байна. Энэ мэт шат шатны мэдээллийг өчигдөр, өнөөдөр цуглуулж байна. 

Энэ мэдээлэл үнэн байгаад, нийгмийн ажилтан нь энэ нөхцөл байдлыг мэдсэн хэрнээ тухайн гэр бүлд тусгайлан ажиллаагүй, дараагийн шатны байгууллагад мэдээллээгүй гэдэг асуудлыг тодруулж, нухацтай авч үзэх шаардлагатай.

Талийгаач хүүхдийн талаарх мэдээлэл Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст огт бүртгэгдэж байгаагүй. Өмнө нь хүчирхийлэлд өртөж байсан гэдгийг хамтарсан баг мэдээллээгүй. Тухайн хэрэгтэй холбоотой зарим ташаа мэдээлэл явж байна. Мэргэжлийн байгууллагуудын эцсийн дүгнэлт гарахаар мэдээлнэ. Ташаа мэдээлэл бүрт тайлбар хийхгүй" хэмээлээ.

Гэр бүлийн хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг "Цагдаагийн ерөнхий газарт гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг баримтжуулах мэдээллийн сан ажилладаг. Энд үүрэг хүлээсэн байгууллагууд бие биедээ мэдээлэл өгөөгүй асуудал яригдаж байна. Тухайн тохиолдолд хүүхэд гэмтээд, гэмтлийн эмнэлэгт очсон байна. Тус эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээнээс Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооноос ийм хүүхэд гэмтээд ирсэн шүү гэдэг мэдээллийг цагдаад өгөөд, цагдаагийн байгууллага аюулын зэргийн үнэлгээг хийж, хүүхдийн байгууллагад мэдээлсэн бол магадгүй тухайн үед хүчирхийллийг таслан зогсоох боломж байсан.

Хамтарсан баг гэдэг нь тухайн сум, хорооны засаг даргаар ахлуулсан нийгмийн ажилтан, өрхийн эмч, цагдаа, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий хуулиар чиг үүрэг хүлээсэн анхан шатны бүтэц бүхий нэгж.

Хамтарсан баг анхан шатанд тухайн хороо, өрхийнхөө судалгаа мэдээллийг тогтмол гаргах, хүүхэд эрсдэлтэй нөхцөлд байгаа судалгаа мэдээллийг сар бүр шинэчлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлсэн тохиолдолд хамтарсан шуурхай арга хэмжээ авч, 72 цагийн дотор нөхцөл байдал, аюулгүйн зэргийн үнэлгээг хийх, улмаар холбогдох мэргэжлийн болон дараагийн шатны байгууллагад холбон зуучлах, шуурхай ажиллах чиг үүрэгтэй аж.