Дайны дараа Монголд оронд өрнөсөн томоохон түүхэн үйл явдал болох "Маршалийн Анхдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний хүрээнд зохиолын үйл явдал өрнөнө. Монголын мал сүргийг 200 саяд хүргэх үүрэг Сталинаас авсан маршал Чойбалсан зүүд мөрөөдлийн мэт энэ зорилгод хүрэхийн тулд хатуу хууль гаргаж шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн үндэс соёолов. Тусгаар тогтнолоо хамгаалан үлдэх ганцхан зорилго маршалд бий. "Чингис хааны байгуулсан улсыг байхгүй болгохыг санаархах юм бол, ард түмний урссан цус, төлсөн төлбөр, гэтэлсэн бүх зовлон нь...тэгээд юуны төлөө биш болж дуусна...Ингэхийг санаархасан хүнийг би өөрийн гараар буудна." Энэ бол маршалийн үзэл бодол. Түүнд социализм огтхон ч хамаагүй. "Хувьсгалын эсэргүү, бурхан шүтэгчид, Чингис хааны ураг удмыг хороосон тэмцэл тань социализм байгуулж коммунизмд хүрэхийн төлөө байсан гэж боддог шүү" хэмээн залуу удирдагч Ю.Цэдэнбал хэлж байна. Тэрээр бушуухан коммунизм байгуулах утопи мөрөөдөлдөө умбана. Хууль цаазын сайд Жамбалдорж гэх цусны үнэр авсан араатан шиг этгээд "хар хууль" гаргаж аль болох олон малчин ардыг шорон гянданд хорьж, буудан хороохыг улайрна.

Тэр аймшигт махчин улаан Оросод дагаар орох өргөх бичиг барьж, тусгаар тогтнолынхоо эсрэг хуйвалдааныг эхлүүлэв. Улс төрийн тайзан дээр эмгэнэлт жүжиг тавигджээ. Харин хохирогчид нь жирийн малчин ард иргэд. Мал тооллогын "А" данс тэдний хувьд үхлийн архив болон хувирав. Дансанд бүртгэгдсэн мал үхэж үрэгдэх огтхон ч падлийгүй. Мах, сүү, ноос, арьс, шир гээд дааж давшгүй албан журамд малчин ардууд сөхөрч, ядуурлын туйлд орж, "ам цуу тараасан" "албан журам тасалсан" хэргээр гэм зэмгүй олон мянган малчид дээлээ нөмөрч зарим нь буудуулав. Хар дарсан зүүд мэт харанхуй таван жил! Тусгаар тогтнолын төлөөх ээлжит золиос нь эгэл малчин ардууд болов. Энэ гамшигт жирийн ард иргэд хэрхэн хохирсон жишээг Болдын гэр бүлд тохиолдсон үйл явдлаар үзүүлж байна. Үр хүүхдээ тэжээх байтугай "албан журам"-аа дийлэхээ байсан тэд дөрвөн хүүхдээ айлд үрчлүүлэв. Амьдын хагацлын зовлон нүүрэллээ. 

Айлд үрчлэгдсэн хүүхдийн гашуун тавиланг Гүнчин охины дүрээр сэтгэл эмтэртэл үзүүлж байна. Сая нэг юм эрх чөлөөтэй болсон Баасан лам ч амар заяа үзсэнгүй. Хувьсгалын эсэргүү байсан гэдгээр нь байнга нүд үзүүрлэн, элдвээр гоочлоно. Тэр Сэндмаагүйгээр амьдарч чадахгүй гэж хэчнээн бачуурч сэтгэлээ шаналгавч бурхнаас оногдсон хувь тавилан, үйлийн үрийн барилдлагыг цусан зүрхт хүмүүн яахин сөрж дийлэх билээ.

Сэндмаа хий өрөвдөх, гуниглахаас өөрийг үл чадна. Баасан лам Чулуунжийтэй суух хүсэлгүй байсан ч Болдын охиныг тэр хүүхэн үрчлэн авсан учир "хайртай бүсгүйнхээ охины аав" болохын тулд нэг гэрт орно. Гэвч саад тотгор мундсангүй. Хэзээ ч үл бүтэх "Маршалийн төлөвлөгөө" олон хүний амь амьдралыг сүйтгэж, цус нулимсыг урсгаад хад мөргөн нурав. Түүхэнд дахин нэрээ хараар будуулахыг хүсээгүй Маршал Чойбалсан "Анхдугаар таван жилийн төлөвлөгөө"- тэй холбоотой бүх баримтыг устгах нууц тушаал гаргав. Ядуурал, гуйланчлал гээч юм хэзээ ч байгаагүй! Гэвч энэ бүхэн хүний оюун ухаан, ой санамжаас хэзээ ч үл арчигдана. Тэр зовлонг туулж гарсан хүмүүсийн үр удам өнөөдөр амьд сэрүүн байна. Тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр бидэнд ирсэнийг сануулж байна. Түүхэн сургамж, бодит үнэнийг хойч үедээ хүргэх гэсэн ийм агуулгатай зохиол байна..