НӨАТ-ын урамшууллын сугалаагаар 500 сая, 20 сая, дөрвөн сая төгрөгийн азтан болсон иргэдийн төлөөлөлд өнөөдөр Сангийн яамны хүндэтгэлийн танхимд батламж гардууллаа. Энэ үеэр анхны 500 сая төгрөгийн азтан Ж.Алтанзултай ярилцлаа. Тэрбээр Хан-Уул дүүргийн оршин суугч, нөхөр хүүхдийн хамт амьдардаг нэгэн ажээ.

-НӨАТ-ын сугалаанд хожсон гэдгээ хэзээ мэдсэн бэ?

-Шууд азтан болсон гэдгээ мэдээгүй.Тохирол явагдаад хоёр хоногийн дараа над руу Татварын ерөнхий газраас нэг хүн залгаад “Та НӨАТ-ын баримтаа шалгаж үзээд, буцаад холбогдоорой” гэлээ.  Намайг мэдээллээ баталгаажуулаагүй учраас над руу утсаар залгаж хэлсэн юм билээ. Анх гар утсаараа ebarimt-аа шалгаад нүдэндээ ч итгээгүй.Тэгээд ажлынхаа залуугаас  “Энэ хэд гэсэн тоо байна вэ?”  500 сая гэж байна уу гэхээр арай биш байх аа гээд, зөндөө олон удаа шалгаж үзсэн дээ. Тэр үед 500 сая төгрөгөөс гадна 20 мянган төгрөг хожсон байсан.  Баяртай мэдээг дуулаад өдөр нь гэр бүлээрээ ресторанд хооллож тэмдэглэсэн.

-Юу худалдан авч азтан болов?
-Гэрийнхээ хажуу талын дэлгүүрээс 3450 төгрөгөөр зайрмаг, ундаа хоёр худалдаж авсан.Тэр орой нэг л амттай юм идмээр санагдаад  дэлгүүр гарсан юм.

-Шагналынхаа мөнгөөр юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Миний баримт маш удаан судлагдсан. Өнөөдөр л орох байх. Нөхөр бид хоёр дансанд орсных нь дараа тооцож үзье гээд төлөвлөж амжаагүй. Хоёр сарын хугацаанд ТЕГ шалгагдаж байна гээд л байсан учраас гайхаж эргэлзэх үе байсан. Би одоо л зүүднээсээ сэрж байгаа юм шиг жинхэнээсээ мөнгө хожсондоо итгэж байна.

-Өмнө нь НӨАТ-ын сугалаанд хожиж байв уу, ер нь сугалаанд хэр одтой вэ?

-Анхнаасаа оролцсон хожиж үзээгүй, гэхдээ баримтаа ерөөсөө хаядаггүй, хадгалж ирсэн юм. Одоо надад 600 орчим баримт бий.НӨАТ-ын сугалаагаар эргэн тойрны маань хүмүүс зөндөө хожсон болохоор 500  сая биш юм аа гэхэд азтан болох байх гэж итгэдэг байлаа. Гэтэл өнөөдөр азтан болчихлоо.

Багадаа анх мандалин хөгжим хожсон. Компанийхаа шинэ жилд гэхэд 4 удаа азтан болж байсан шүү. Би хүн болгон л азтай гэдэгт итгэдэг. Энэ хорвоод хүн болж төрөх, сайн хүнтэй суух, үр хүүхэдтэй болно гэдэг бүгд аз завшаан юм. Бэлэн мөнгөөр биш юм аа гэхэд хүнд хэзээ нэгэн цагт заавал аз тохиодог. 

-Таныг анх баримтаа баталгаажуулахаар ирэхдээ хоёр бие хамгаалагчтай очсон гэсэн үнэн үү?

-Хоёр бие хамгаалагчтай гэсэн яриа гарчихсан байсан. Үнэндээ би бичиг баримтаа цуглуулж яваад ТЕГ дээр бичиг баримттай ир гэсэн. Тэгэхэд Сугалаа зохион байгуулах албаны хоёр хүнтэй очиж татварын байцаагчтай уулзсан юм. Үүнээс л ташаа ойлголт гарсан.

-Хамгийн түрүүнд юу авахаар төлөвлөж байна вэ?

-Үнэндээ юу авахаа ч мэдэхгүй байна. Надад нэг хүн шар будаа аваарай, үржихийн билгэдэл шүү гэж хэлсэн.(инээв) Мэдээж ээжийгээ баярлуулна гэж бодож байгаа. Магадгүй залуудаа хийж гүйцээгээгүй зүйлийг хийх юм сан. Бид хоёрын хувьд залуу гэр бүлийн адил байр машины лизингтэй. Хүүхдээ харж 2 жил гэртээ сууж сайхан л ажилдаа орж өрхийнхөө санхүүд нэмэр болж эхэлж байна. 

-Худалдан авалт хийсэн дэлгүүрийнхэндээ азтан болсон гэдгээ дуулгасан уу?

-Албан ёсоор энэ талаарх мэдээлэл тараагдаагүй учраас юу ч хэлээгүй. Орж үйлчлүүлэх болгондоо мэдвэл яах бол гээд инээд хүрнэ. Мөнгөө аваад тэр дэлгүүрийн худалдагчийг заавал баярлуулна гээд төлөвлөчихсөн байгаа. Хүмүүс анзаараад байхад бага дүнтэй баримтаа оруулдаггүй. Бага их гэлтгүй баримтаа цуглуулаарай гэж хэлмээр байна. Би гэхэд 2500 төгрөгөөр нэгж шилжүүлээд 20 мянган төгрөг хожсон шүү дээ. Өнгөрсөн жил манай гэр бүл бензин худалдан авсан баримтаа бүртгүүлдэггүй байлаа. Одоо бүх баримтаа нэхэж байгаад авч сурсан.(инээв)