УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр хэлэлцэж байна.

Яг одоо УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай асуудлыг анхаарах хэрэгтэй. Засгийн газрын гишүүдийн 15-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх квот бий. Үүнийг шинэ Ерөнхий сайд маань анхаарч, нэмэх ч талаар ажиллах байх. УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүдийн байр суурийг би дэмжиж байна. Жендерийн мэдрэмжтэй Засгийн газар байгуулагдана гэж найдаж байна" хэмээлээ.

МАН-аас сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүд шинэ Засгийн газрын гишүүдийн 30-аас доошгүй хувийг эмэгтэйчүүдээс бүрдүүлэх саналыг намынхаа дарга У.Хүрэлсүхэд өчигдөр албан бичгээр хүргүүлсэн.

Тэд албан бичигтээ:

"Дээрх хууль дүрэм, мөрийн хөтөлбөрийг үндэслэн улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, шийдвэр гаргах түвшинд тэгш байдлыг хангах зорилгоор 2021 онд шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүний 30-аас доошгүй хувь буюу Засгийн газрын 5 гишүүнийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэхэд анхаарна уу" гэжээ.

Тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.