УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр нууцын зэрэглэлтэй зарим асуудлыг олонд дэлгэхээ мэдэгдэж, мэдээлэл хийв.

Тэрээр "10 дугаар сарын сүүлээр 800 хятад иргэнийг Монгол Улс руу хэн оруулж ирснийг хэлж өгье. Сүүлдээ бүр намайг оруулж ирсэн гэж зарим хүн ярьдаг боллоо. Энэ асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нууц хуралдаан хийсэн. Холбогдох албан тушаалтнуудыг цуглуулж асуусан. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан. Хууль, хяналтын байгууллагынхнаас тодорхой мэдээлэл авсан. 

10 дугаар сарын 12-15-ны хооронд Хуан гэдэг хятад иргэн Засгийн газрын Шадар сайдтай /Ө.Энхтүвшин/ уулзжээ. Алтанбулагийн чөлөөт бүсийн дарга, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга нар хамт уулзсан байна. Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсэд цахим казино ажиллуулах зорилгоор Засгийн газрын өндөр албан тушаалтнууд Хятадуудыг хүлээн авч уулзжээ. Улмаар Монгол Улсын чөлөөт бүсэд цахим казино байгуулж болно, ирж туршилт хий гэсэн хүсэлт тавьсан байна. Сая Монголд ирсэн 800 хүн бол Камбожоос хөөгдсөн хятадууд. 

800 хятадыг оруулж ирсэн хэргээр Цагдан хорих 461 дүгээр ангид Уулаа, Баяраа гэдэг хоёр хүн хоригдож буй юм байна. Нийт 53 халхавч компани байгуулж, Гадаад харилцааны яам, Тагнуулын байгууллагад хүсэлт гаргаж, жуулчин нэрээр орж иржээ. Зарим хүн жуулчны визийг Консул өгдөг гэж буруу яриад байна. Жуулчны визийг жуулчин оруулж ирдэг тусгай компаниуд Гадаад харилцааны яаманд хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу яамнаас зөвшөөрлийн код олгодог. Тэр кодыг үндэслэж, Эрээн, Хөх хот, Бээжингийн ЭСЯ, Консулууд виз гаргаж өгсөн байна.

Энэ асуудлыг баримттай мэдээллэхийн тул би нэлээд судалгаа хийсэн. Хуан гэгч хятад иргэн баривчилгаа болохын өмнөх долоо хоногт урагшаа гарсан байна. Түүний туслах хоёр хятад мөн зугтах гэж байгаад Замын-Үүдээс баригдаж. Ийм л зүйл болсон байна. Гадаад харилцааны яам, Тагнуулын Ерөнхий газар ч мэдэж, зохион байгуулалттай оруулж ирж, гаргасан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг ярьсан.

Нууцыг хадгалахыг хууль сануулж байгаа. Гэхдээ үүнийг нуугаад, хадгалаад байвал нийгэмд буруу ойлголт тарах нь. Буруу ойлголтыг засах зорилгоор би энэ мэдээллийг хийж байна" хэмээв.

Сануулахад, "Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" гэсэн дөрвөн зочид буудалд байрлаж байсан БНХАУ-ын 800 орчим  иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагынхан 10 дугаар сарын 29-нд саатуулсан. 

Улмаар тэднийг зохион байгуулж Монголд оруулж ирсэн хүмүүсийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, бусад хүмүүсийг галт тэргээр хилээр гаргаж, Хятадын цагдаа нарт хүлээлгэн өгсөн гэдгийг холбогдох албанынхан мэдээлсэн юм.

Тухайн үед уг асуудлаар Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл "Манай байгууллага болон ЦЕГ уг асуудалтай холбогдох ажиллагааг өнгөрсөн 8 дугаар сард эхлүүлсэн. Улмаар энэ асуудал хэрхэн өрнөхийг ажигласан. 

Эхний ээлжид 8 дугаар сард 80 хүн, дараагаар нь энэ тоо өссөөр өчигдрийн байдлаар нийт 800 хүн орж ирсэн. Үүнийг зохион байгуулж буй хүн нь тодорхой, одоо байцаалт өгч байгаа. Монголын нэг, БНХАУ-ын нэг иргэн голлож энэ ажлыг зохион байгуулж, хятад иргэдийг 4 зочид байрлуулсан. 

Урьдчилсан байдлаар хэлэхэд, 800 хүн, тэдний хэрэглэж байсан 1000 орчим компьютер, гар утасны 10.000 орчим сим зэргийг хурааж, хяналтад авсан. Гэхдээ энэ бүхэн бүрэн хяналтад байгаа. Айдас төрөх ямар ч асуудал байхгүй" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулж байсан юм. /Дэлгэрэнгүйг ЭНД дару уншина уу/