ШИНЭ эвсэл 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших мөрийн хөтөлбөрөө өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргэж өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Шинэ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв нам, Монголын үндэсний ардчилсан нам зэрэг Монгол Улсын 10 гаруй улс төрийн нам, 100 гаруй төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтарч байгуулсан ШИНЭ эвсэл сонгуульд оролцох хүсэлт бүхий хуульд заасан холбогдох 12 материалыг албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж байна. 

Өнөөдрөөс эхлэн ШИНЭ эвсэл 2020 оны УИХ-ын сонгуульд хүчтэй өрсөлдөгч болон оролцох болно. Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн бодлогод бид дүгнэлт хийж байгаа. Тус хугацаанд хоёр нам ээлжлэн удирдсан. МАНАН-гийн 30 жилийг эцэс болгож, шинэ Монголыг шударга, эх оронч иргэдтэйгээ хамтарч бүтээхээр ШИНЭ эвсэл байгуулагдсан.

Оффшордсон, авлигажсан, баялгийг шударга бус хуваарилсан, эрүүдэн шүүлт яргалал хөгжсөн, ард түмнийг ялгаварлан гадуурхсан, баян хоосны ялгаа тэнгэрт тулсан 30 жилийг төгсгөл болгохоор ШИНЭ эвсэл мөрийн хөтөлбөртөө шинэ эргэлтийн 21 бодлого боловсруулан оруулсан" хэмээлээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх нар мөн өнөөдөр намынхаа мөрийн хөтөлбөрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргэсэн. Хэлсэн үгийг нь ЭНД дарж уншина уу.