С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хянах Түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд нар өнгөрсөн баасан гарагт тус хэрэгт буруутгагдан хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай хорих анги дээр нь очиж уулзлаа.

Тэдэнтэй уулзсаны дараа Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай ганцаарчилсан уулзалт хийлээ. Т.Чимгээгийн биеийн байдал нэлээд тааруу, шулуун гэдэснээс нь цус алдаж байгаа гэсэн мэдээлэл өгч байна. Хорих ангийн эмч, дарга нарт энэ асуудлыг ярилаа. Та нар хүний хүүхдийг хилсээр хэлмэгдүүлчихээд битгий амийг нь авчихаарай гэж хатуухан хэллээ. Нарийн шинжилгээнд оруулах асуудлыг ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэ гэдэг чиглэл өглөө. Эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авна гэж хорих ангийн удирдлагууд хэлж байна. 

Б.Содномдаржаагийн биеийн байдал ч тийм сайн биш, нэлээд ядарсан, цөхөрсөн шинжтэй харагдаж байна. Эрүү шүүлт явуулаад 3 жил 9 сар болж байна. Гэм зэмгүй хүнийг хорих ангид авчраад, зодож балбаад, халаалтгүй, цонхгүй Төв аймгийн Хорих ангийн подволд хорино гэдэг эрүүдэн шүүлтийн том хэлбэр. 

С.Зорин агсны амь насыг хөнөөсөн хэрэгт гэм зэмгүй Монгол Улсын хоёр иргэнийг хилсээр хэлмэгдүүлж, хорьж байгаа гэдгийг Түр хороо олон баримтаар тогтоож байна. Түр хорооны 7 гишүүн уулзах, холбогдох ёстой олон хүнтэй уулзаж байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр хэлмэгдсэн. Удахгүй шинээр илэрсэн нөхцөл байдлын үүднээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг нэн даруй суллуулах, цагаатгах ажлын төлөө Түр хороо ажиллаж байна.

Түр хорооны энэ ажилд саад учруулж буй хэдэн шүүгч байгаа. Дээрээс нь аллагыг захиалагч бүлэглэлийн этгээдүүд Түр хорооны ажлыг саатуулж, зогсоох гэж элдвээр оролдож байна. Гэхдээ нэг л зүйлийг хэлье. Үнэнд гүйцэгдэнэ, үнэн ялна" хэмээлээ.