УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн томъёололоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 63 гишүүний 48 нь буюу нийт гишүүний 76.2 хувь нь дэмжив.

Зам, тээврийн хөгжлийн яамны гадна гарсан хүн амины хэрэгтэй холбоотойгоор сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх өргөдлөө өгөөд байсан юм.

Харин тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "..... болсон хэрэгтэй холбогдуулан улстөрийн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар шийдвэрлэж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө. Сайдаар ажиллаж байх хугацаанд болсон энэ харамсалтай явдлаас болж монгол төрийн албаны нэр хүнд унаж, нэгэн сайхан залуугийн маань эхнэр, аав ээж, гэр бүл 4 хөөрхөн хүүхэд, ах дүү анд нөхөд нь өнчирч үлдсэн эмгэнэлэт явдалд дахин уучлал гуйж байна. Сайдын үүрэгт ажлаа өгсөн ч УИХ-ын гишүүний хувьд төрийн албыг цаашид эрүүлжүүлж цэвэршүүлэх, чадваржуулахын төлөө чадах бүхнээ хийх болно оо" хэмээн нийтлэжээ.