Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдэлдээ АНУ Юнескогоос гарч байгаа явдлыг “зоригтой, ёс зүйтэй” алхам хэмээсэн. Тус агентлаг дэлхийн өвийн санд түүхэн дурсгалт газруудыг бүртгэдэг. Үүнээс Сирийн Пальмира, Америкийн Их Хавцал зэргийг дурдаж болно. 

Юнескогийн тэргүүн Ирина Бокова АНУ гарч байгаад харамсаж байгаагаа хэлсэн. Гишүүнчлэл 2018 оны арванхоёрдугаар сар гэхэд бүрэн цуцлагдах хүртэл өөрчлөлт гарахгүй. Харин түүнээс хойш ажиглагчийн үүрэг хүлээх ажээ. Израилийн Ерөнхий Сайд Нетаньяху Гадаад хэргийг яаманд гишүүнчлэлээ цуцлахыг даалгасан тухайгаа твиттертээ бичсэнийг BBC дамжуулсан.

Юнеско бол боловсрол, хөгжлийн зорилт тавьж, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах тэргүүтэй ажлууд хийдэг. Ноён Трамп ийм шийдвэр гаргасан нь түүний “Америк нэгдүгээрт” гэдэг баримтлалтай нь холбоотой гэж ажиглагчид харж буй. Тэд Израилийг Иорданы Баруун эрэг, Зүүн Иерусалимд хэрэгжүүлсэн ажил бүрийг шүүмжлэн буруутгадаг. Энэ оны эхээр гэхэд эртний Хеврон хотыг Палестиных гэж Дэлхийн өвд бүртгэжээ. Израиль библийн түүхийг сөхөж, энэ явдлыг эрс эсэргүүцсэн ч тусыг олоогүй.

АНУ 2011 онд Палестиныг бүрэн эрхт гишүүн болгох шийдвэрийг нь эсэргүүцэж, тус байгууллагад хөрөнгө оруулахаа больсон. Өнгөрсөн онд Израиль Юнескотой хамтын ажиллагаагаа хязгаарласан билээ. Ноён Нетаньяху Хеврон хотод Иудейн эртний холбоо хангалттай байтал үүнийг үл тоож Палестинд өгсөн явдалд Юнеског буруутгаж буй. 

Израильд ийнхүү шударга бус хандаж ирсэнд АНУ ч дургүйцлээ илэрхийлж, авлагаа авна гэж мэдэгдсэн. Юнеско Америкт 500 сая долларын өглөгтэй ажээ. Сонирхуулахад, АНУ НҮБ-ын нийт төсвийн 22, энхийг сахиулах ажиллагааны 28 хувийг гаргадаг бөгөөд ноён Трамп үүнийг өмнө нь буруутгасан юм. 

Юнескогийн тэргүүн хатагтай Бокова Америк гишүүнчлэлээ цуцалснаар “НҮБ-ын гэр бүл”-д гарз учирсан. Сүүлийн үед Юнеско доторх улстөржих явдал сүүлийн жилүүдэд гаарсныг тэрбээр хүлээн зөвшөөрчээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес АНУ гишүүнчлэлээ цуцалж байгаа нь тун харамсалтай байгаа ч цаашид үр дүнтэй хамтран ажилласан хэвээр байхаа хэллээ.

/Зураг: Christophe Petit Tesson—EPA/REX/Shutterstock/