ЭРХҮҮ. /TASS/. ОХУ-ын Эрхүү мужийн Тулун хотын дундуур урсдаг Ия голын усны түвшин 11.25 м хүрч эрс нэмэгдсэнийхээ дараа багасаж эхэлжээ.

Лхагва гарагийн өглөөний байдлаар голын усны түвшин 4 см-ээр багассан гэж хотын захиргааны цахим хуудсанд гарсан мэдээлэлд дурдсан байна.

Голын татамд усанд автсан суурингууд орчмын усны түвшин 10.5-11.5 м хүрч нэмэгдэнэ гэж Эрхүү мужийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтнүүд урьдчилан таамаглаж байжээ. Голын ус есөн метр гэж тооцож барьсан хамгаалалтын үерийн даланг давж байна гэж хотын эрх баригчид өмнө нь мэдээлсан байна. Тулун дахь үерийн улмаас холбооны улсын хурдны замын Р-255 “Сибирь” хэсэг усанд автжээ.

Их хэмжээний усархаг бороо орсноос үүдэлтэй үерт Эрхүү муж хоёр дахь удаагаа автсан юм. Сарын өмнө болсон үерийн улмаас хамгийн их хохирол амссан Тулун хотод бойлуурын ажил дахин зогсож, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Усархаг бороо орж, голуудын ус эргээсээ хальсны улмаас Эрүү муж зургадугаар сарын сүүлээр үерт автсан юм. Тухайлбал, Ия голын усны түвшин бараг 14 м хүртэл нэмэгдсэн нь аюултай түвшнээс хоёр дахин их ажээ. Нийтдээ 109 суурингийн 42700 хүн оршин сууж байсан 10900 байшин усанд автсан байна. Байгалийн гамшгийн улмаас 25 хүн амиа алдаж, долоон сураггүй алга болсонд тооцогджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг